Трамп уйгаруудыг хамгаалсан хуулийн төсөлд гарын үсэг зуржээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН. /TASS/. Шинжаан-Уйгарын өөртөө засах орны уйгарууд болон лалын шашинт бусад төлөөллийг хавчиж хяхсан Хятадын албан тушаалтнуудад хориг арга хэмжээ авах тухай хуулийн төсөлд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гарын үсэг зурлаа гэж Цагаан ордны мэдэгдэлд дурдсан байна.
“2020 оны зургадугаар сарын 17-ны лхагва гарагт Ерөнхийлөгч “S. 3477-Уйгаруудын хүний эрхийн бодлогын тухай хууль”-д гарын үсэг зурлаа. Уг хуульд БНХАУ-ын Шинжаан-Уйгарын өөртөө засах оронд лалын шашинт үндэстний цөөнхийн эрхийг бүдүүлгээр зөрчиж буйг буруушаасан бөгөөд, гадаадын зарим хүмүүст хориг арга хэмжээ авах эрх мэдлийг олгоно” гэж Цагаан ордон мэдэгджээ.
Дээрх хуулийн төслийг Флорида муж улсаас Сенатын танхимд сонгогдсон, Бүгд Найрамдах намын гишүүн Марко Рубио санаачилсан бөгөөд тавдугаар сард Конгрессын хоёр танхим хоёул санал нэгтэйгээр баталсан байна. Энэхүү хуулийн төсөлд Хятадад уйгар үндэстний цөөнхийг хавчин гадуурхаж байгаагийн хариуд виз олгохоос татгалзах, АНУ-д эзэмшдэг хөрөнгийг царцаах зэрэг хатуу арга хэмжээ авахыг Ерөнхийлөгчид үүрэг болгожээ.
БНХАУ-ын баруун хойд нутагт орших Шинжаан-Уйгарын өөртөө засах оронд олон төрлийн үндэстэн оршин суудаг ч лалын шашинт уйгар үндэстэн олонхыг бүрдүүлдэг. Хятадын эрх баригчдын мэдээлснээр, Шинжаанд олон улсын террорист бүлэглэлүүдтэй холбоо сүлбээ бүхий салан тусгаарлах үзэлтнүүдийн бүлэглэлүүд үйл ажиллагаа явуулдаг байна.
Шинжаан-Уйгарын өөртөө засах орны засан хүмүүжүүлэх газруудад нэг сая хүртэл тооны уйгур үндэстнийг “хууль бусаар хорьж байж болзошгүй” тухай “нотлох баримттай мэдээллийг” өгсөн гэж НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссын төлөөлөгчид 2018 оны наймдугаар сард мэдээлжээ. Үүнтэй холбоотойгоор НҮБ-ын хүний эрхийн дээд комиссар Мишель Бачелет Шинжаанд үүссэн нөхцөл байдалд түгшиж буйгаа илэрхийлээд, тус бүс нутаг руу ажиглагчид илгээх санал тавьсан байна.
Хятадын эрх баригчид дээрх мэдээллийг удаа дараа няцаасаар ирсэн боловч Шинжаанд “боловсрол, мэргэжлийн сургалтын төвүүд” үйл ажиллагаа явуулдаг гэдгийг 2018 оны сүүлээр анх удаа нотолсон юм. Хятадын албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, ийм төвүүдэд “терроризм, хэт давруу үзлийн нөлөөнд автсан хүмүүсийг” сурган хүмүүжүүлдэг байна. Гэхдээ ийм төвүүдэд хэчнээн тооны хүн байгааг тодорхой мэдээлээгүй юм.