ДЭМБ гидроксихлорохины туршилтыг зогсоох шийдвэр гаргажээ

Дэлхийд | Эрүүл мэнд
Jargal.d@montsame.mn
2020-06-18 09:24:38

ЖЕНЕВ. /TASS/. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ гидроксихлорохиныг коронавирустэй тэмцэх эмийн хувиар туршихыг зогсоох шийдвэр гаргалаа гэж тус байгууллагын шинжээч Анна Мария Рестрепо мэдээлжээ.


Түүний хэлснээр, уг эм нь "коронавирусний халдвартай эмнэлэгт хэвтсэн өвчтөнүүдийг эмчлэх үед нас барах эрсдэлийг бууруулахад нөлөөлөхгүй байгааг хэд хэдэн судалгаа харуулсан" байна. “Энэхүү дүн шинжилгээ болон хэд хэдэн хэвлэлийн тойм нийтлэлд үндэслэн нийтлэг эрх ашгийн хүрээнд хийж буй туршилтад гидроксихлорохиныг хэрэглэхийг зогсоох шийдвэрийг гүйцэтгэх бүлэг гаргалаа” гэж Анна Мария Рестрепо мэдэгджээ. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг ойрын хугацаанд ДЭМБ-ын цахим хуудсанд нийтлэх аж.


“Энэхүү шийдвэр нь байгууллагын бодлогыг агуулаагүй, ДЭМБ-ын зөвлөмж биш гэдгийг онцлон тэмдэглэхийг хүсэж байна. ДЭМБ нь зөвлөмж боловсруулахдаа огт өөр журмыг баримталдаг. Энэхүү шийдвэрийг туршилттай холбоотойгоор гаргасан бөгөөд гидроксихлорохиныг урьдчилан сэргийлэх арга хэрэгсэл болгон хэрэглэхэд хамаарахгүй” гэж шинжээч нэмж хэлжээ.


Гидроксихлорохин нь хумхаа өвчний эм бөгөөд сүүлийн үед зарим оронд коронавирустэй өвчтөнүүдийг эмчлэхэд ашиглах болсон юм. Гуравдугаар сарын сүүлчээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп уг эмийг коронавирусийг эмчлэхэд өргөнөөр ашиглахыг дэмжиж байв. Хожим нь тэрбээр өөрөө халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор тогтмол хэрэглэж байгаагаа мэдэгдсэн билээ.


Холбоотой мэдээ