МХХ иргэдэд сонгуулийн сурталчилгааны талаар зөвлөгөө өгч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2020-06-18 09:08:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хуульчдын холбооноос УИХ-ын ээлжит сонгуулийн хууль бус сурталчилгааны талаар хуулийн байгууллагад хандах гэж буй иргэдэд зориулан хууль зүйн төлбөргүй зөвлөгөө өгч байна.


Зөвлөгөөг 75050801, 75050802 дугаарын утсаар өгч байгаа аж. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 48.1.1-д “Сонгогчдын саналыг татах зорилгоор мөнгө, эд зүйл тараах, бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэй үзүүлэхийг хориглоно” гэж заасан. Эрүүгийн хуулийн 14.5 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар сонгогчийг эд хөрөнгө, мөнгөөр татаж санал худалдан авсан 5400- 27000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэх хуулийн заалттай.


Түүнчлэн УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.7-д “Сонгогчид хууль бусаар мөнгө, эд зүйл тараасан болох нь тогтоогдсон бол мэдээлэл гаргасан иргэн тараасан бэлэн мөнгө болон эд барааны үнийн дүнг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг гэм буруутай этгээдээс гаргуулахаар шаардах эрхтэй” гэж заасан.

Үүний зэрэгцээ Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 30.4 дэх хэсэгт “Сонгогч нь аль нэг нэр дэвшигчийн төлөө санал өгөх, эсхүл өгөхгүй байхаар мөнгө, эд зүйл шаардсан, шаардаж авсан бол арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" заасан юм.

Холбоотой мэдээ