Канад, Монголын парламентын найрамдлын бүлгийн уулзалт болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2020-06-17 18:25:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Канадын парламент дахь Канад, Монголын Парламентын Найрамдлын бүлгийн теле-уулзалт өчигдөр болов. 

Уулзалтыг Найрамдлын Бүлгийн дарга хатагтай Ясмин Ратанзи удирдаж, Канадын Парламентын Нийтийн танхимын дарга асан Жеф Реган, сенатор Ёоха Мартин, Виктор О, Парламентын гишүүн, гадаад харилцаа эрхэлсэн парламентын нарийн бичгийн дарга Роб Олифант нарын гишүүд оролцлоо.

Уулзалтад Монголы Улсын талаас Элчин сайд Я.Ариунболд оролцож, Монгол, Канадын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлж, 2 улсын хууль тогтоох байгууллагын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байгааг тэмдэглэв.

Элчин сайд Монгол Улсын Засгийн газраас эдийн засгийн өсөлтийг хангах, төрөлжүүлэх, үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гаргах, хөрөнгө оруулагчидтай урт хугацаанд харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлийн талаар танилцуулжээ.  Канадын Хөгжлийн тусламжийн хүрээнд манай улсад шинэ төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, Монголд үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг Канадын зах зээлд гаргаж худалдааг нэмэгдүүлэхэд хууль тогтоох байгууллагын зүгээс дэмжлэг үзүүлэхийг хүсэв.


Үг хэлсэн гишүүд 2 орны хоорондын хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, хариуцлагатай уул уурхай хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын нэмэгдүүлэх нөөц бололцоо байгааг тэмдэглээд хууль тогтоох байгууллагын болон бусад салбарын хамтын ажиллагааг дэмжиж ажиллахаа илэрхийллээ.


Холбоотой мэдээ