Коронавируст халдвараар 88 хүн эмчлүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-06-16 11:36:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Коронавирусээр халдварласан нэг хүн эдгэрч, дараагийн шатны ажиглалтад шилжиж байгааг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв. 


Эдгэрсэн хүн 19 настай, ОХУ-аас ирсэн Батлан хамгаалахын сургуулийн оюутан бөгөөд 32 хоног эмчлүүлжээ. 



Ингэснээр манай улсад “COVID-19” халдварын 197 тохиолдол бүртгэгдсэнээс 109 хүн эдгэрч, 88 хүн эмчлүүлж байна.

Тэдний биеийн байдлыг үнэлбэл, 80 нь хөнгөн, найман хүн хүндэвтэр байна. Коронавирусээр халдварласан нэг хүүхэд, гурван жирэмсэн, чихрийн шижин өвчтэй нэг хүн эмчлүүлж буй юм. Улсын хэмжээнд коронавирусний тандалт судалгаа, эмчилгээ үргэлжилж байна.


ХӨСҮТ-ийн хоёр, ЗӨСҮТ-ийн лабораторид өчигдөр буюу энэ сарын 15-нд  нийт 413 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. Ажиглах байранд тусгаарлагдсан 16 хүн, тавдугаар сарын 27-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн 358 хүний давтан шинжилгээ, Дорноговь аймагт тусгаарлагдсан 10 хүний давтан шинжилгээ, тандалтын зорилгоор цуглуулсан гурван сорьц, ХӨСҮТ-д тусгаарлагдсан дөрөв, Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 22 жолоочийн шинжилгээний хариу багтжээ. 

Холбоотой мэдээ