АН-аас мэдэгдэл гаргав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Сангийн дэд сайд асан Б.Болор, Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал нарын долоон хүнд холбогдох шүүх хурал өнөөдөр 10.00 цагт нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн.
Тэднийг “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьцааг худалдан авах Засгийн газрын эрхээс татгалзаж, “Монголын зэс” компанид олгох ажлыг зохион байгуулахад оролцсон хэмээн шүүж буй юм.
Шүүх хурлын өмнө АН-аас мэдэгдэл гаргасан байна. Уг мэдэгдэлд, "Монголын ард түмэнд засгийн бүх эрх мэдлийг шилжүүлсэн ардчилсан Үндсэн хууль батлагдсанаас хойш 28 дахь жилийн зунтай золгож байна. Энэхүү хугацаанд Монголын ард түмэн ардчилсан, чөлөөт, бүх нийтийн сонгуулиар төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурлыг 7 удаа байгуулж, Улсын Ерөнхийлөгчөө 7 удаа тус тус сонгожээ. Засгийн эрхийг барих ард түмний эрх мэдэл, иргэний сонгох, сонгогдох эрхийг хангах зорилгоор Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль тогтоомжийг Монгол Улс өнгөрсөн 28 жилийн хугацаанд дагаж мөрдөж ирсэн. Иргэний чөлөөт сонголтод эрх баригчдын зүгээс хууль бус нөлөөллийг оруулахгүй байлгах зорилгоор сонгуулийн кампанит үйл ажиллагааны хугацаанд нэр дэвшигчийн эрх ашгийг сонгуулийн хуулиар баталгаажуулсан нь өнөөдрийг хүртэл мөрдөгдсөн.
Гэтэл Улсын Их Хурлын 8 дахь удаагийн ээлжит сонгууль болохоос 10 хүрэхгүй хоног үлдээд байхад эрх баригчид шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч зарим нэг шүүгч нараар дамжуулан иргэдийн улс төрийн сонголт, сонгуулийн үр дүнд нөлөөлөхөөр улайран завдаж байна. 4 жил огт шийдээгүй атлаа зөвхөн сонгуулийн өмнө шийдвэрлэхээр шүүх хуралдааныг 2-3 хоногоор хойшлуулах, хувь хүний хувьд биелүүлэх ч боломжгүй дааж давшгүй олон тэрбум төгрөгийн баталгааг шаардах, биелүүлээгүй тохиолдолд таслан сэргийлэх арга хэмжээ зөрчсөн үндэслэлээр цагдан хорихоор завдаж байгаа үйл баримтаар энэ нь нотлогдож байгаа болно.
Ийнхүү Монгол Улсын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн зарим шүүгч хуульд захирагдахаа хэдийн больж, тангаргаа умартан, шударга шүүхийн цэвэр ариун байдлыг улс төрийн ашиг хонжоо олгох хэрэгсэл болгохоор завдан, ард түмний чөлөөт сонголтод шүүхийн шийдвэрээр илтэд нөлөөлөхөөр оролдож байгааг Ардчилсан нам эрс буруушааж, гагцхүү хуульд захирагдахыг шаардаж байна." гэжээ.