Залуу бизнес эрхлэгчид тавьсан шаардлагаа эргэн сануулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Бизнес эрхлэгч залуусын нэгдэл"-ээс өнөөдөр мэдээлэл хийж өмнө нь тэднийг дэмжих талаар төр, засагт тавьсан шаардлагыг эргэн сануулж, "COVID-19"-ийн халдварын цар тахлаас үүдэлтэй хөл хориог дотооддоо хөнгөвчлөхийг хүслээ. Тэдний тавьсан 5 шаардлагыг дурдвал:
- Жилийн 5 тэрбум төгрөгөөс доош орлоготой ААН, байгууллагын НӨАТ-ыг 100 төгрөгөөр чөлөөлөх,
- мөн НДШ-ийг 50 сая төгрөгөөр чөлөөлөх,
- Жилийн 3 хувийн хүүтэй, 3-5 жилийн эргэн төлөлтийн хугацаатай, НДШ-ээр баталгаажуулсан 500 сая хүртэлх барьцаагүй, цалин хөлсний зориулалттай бизнесийн зээлийг шинээр олгох,
- Энэ он дуустал НДШ, НӨАТ, Хувь хүний орлогын албан татвар болон ББСБ-ын зээлийн төлбөрт алданги тооцохгүй байх. Дээр нь татварын албанаас байгууллагын дансыг битүүмжлэхгүй байх,
- Банкны зээлийн хүүг жилийн 6 хувийн хүүтэй, ББСБ-ын зээлийн хүүг жилийн 12 хувийн хүүтэй болгож, одоогийн хувь хэмжээг бууруулж өөрчлөх.
Залуу бизнес эрхлэгчдийн нэгдлийн зохицуулагч, BRB ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан хэлэхдээ, дээрх шаардлагыг төр, засаг хүлээн авсан ч дорвитой шийдэхгүй байна хэмээн үзэж, зээл, хүүгийн дарамтад ороод буй бизнес эрхлэгчдийн, тэр дундаа гарааны бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлыг ширээний ард суун шийдэх, цар тахлаас үүдэлтэй хөл хориог дотооддоо хөнгөвчлөхийг хүсэж буйгаа илэрхийллээ. Тэд эсэргүүцлээ илэрхийлэн Д.Сүхбаатарын талбайд тайван жагсаал хийхээ мэдэгдсэн юм.
Мэдээлэл хийсэн залуус голцуу реклам, зар сурталчилгааны чиглэлийн бизнес эрхэлдэг, энэ үйл ажиллагаа, үзэл бодлоор анх фейс группэд нэгджээ.
Гэрэл зургийг Т.Чимгээ