Атланта хотын Цагдаагийн газрын дарга огцорчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын Жоржиа муж улсын Атланта хотын Цагдаагийн газрын ажилтан өнгөт арьс эрэгтэй рүү гал нээж, амь насыг нь бүрэлгэснээс хойш 24 цаг хүрэхгүй хугацаанд тус газрын дарга Эрика Шилдс албан тушаалаасаа огцорчээ.
Атланта хотын
захирагч Кейша Лэнс Боттомс гал нээсэн цагдааг халахыг уриалжээ. Африк гаралтай
Америк иргэн, 27 настай Рейшард Брукс баасан гаргийн шөнө амиа алдсанаас хойш эсэргүүцэгчид
арга хэмжээ авахыг шаардан жагсаал өрнүүлж эхэлсэн байна.
Р.Брукс Атланта
хотын зүүн өмнөд хэсэгт байрладаг “Wendy's”
зоогийн газрын зогсоол дээр цагдаа нартай сөргөлдөж, нэгийнх нь цахилгаан гүйдлээр цохигч бууг авч зугтасны дараа түүн рүү гал нэээсэн гэж Жоржиа муж улсын Мөрдөн
байцаах товчоо мэдээлжээ.
“Wendy's” зоогийн газрын машинаасаа үйлчилгээ авдаг эгнээнд
зогссон автомашины жолооч унтаж байгаагийн улмаас бусад үйлчлүүлэгч тойрч гарахаас
өөр аргагүйд хүрч байна гэх дуудлага Цагдаагийн газарт оройн 22:33 минутын
орчимд ирснээр уг явдал эхэлсэн байна.
Мөрдөн байцаах товчооны мэдээлснээр, цагдаагийн ажилтнууд Р.Бруксийн согтуурлын түвшнийг хэмжихэд хэтэрсэн байсан бөгөөд түүнийг баривчлах гэхэд эсэргүүцэл үзүүлжээ. "Бид “Wendy's” зоогийн газрын хяналтын камер, ойр орчимд байсан хүмүүсийн нийгмийн сүлжээнд нийтэлсэн дүрс бичлэгийг нягталж үзсэн" гэж Мөрдөн байцаах товчооны дарга Вик Рейнольдс мэдээлжээ.
Р.Брукс цагдаагийн цахилгаан бууг авч зугтасны дараа гурван удаа буун дуу сонсогджээ. Түүнийг эмнэлэгт хүргэсэн боловч нас барсан байна.
Атланта хотын захирагч бямба гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр Р.Брукс руу гал нээсэн цагдаагийн ажилтныг шүүмжилжээ. “Та бүхний хийж болох зүйл, хийх хэрэгтэй зүйлийн хооронд тодорхой ялгаа бий. Би энэ тохиолдлыг галт зэвсгийг үндэслэлтэйгээр ашигласан гэж үзэхгүй байна" гэж тэрбээр хэлжээ.
Атланта хотын
цагдаагийн газрын хүсэлтээр Жоржиа муж улсын Мөрдөн байцаах товчоо уг хэргийг
мөрдөн шалгаж байгаа бөгөөд уг ажиллагааг дууссаны дараа прокурорууд руу шилжүүлэх юм байна.