Тогтоол ус бүхий эрсдэлтэй газруудыг тогтоохоор ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ТОДРУУЛГА
nandintsetseg@montsame.gov.mn
2020-06-15 15:00:59
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд байрладаг Минж үржүүлэхээс Баянзүрхийн гүүр, Маршлын гүүр, Зайсан, Био модон гүүр, мөн Тэрэлжийн модон гүүрнээс уруудан Хадан хясаа, Гачуурт тосгоны 20 дугаар хороо хүртэлх гол дагуу завьт эргүүл ажиллаж байна.  Иргэд шаардлагатай тохиолдолд 101, 105 дугаарын утсаар дуудлага мэдээлэл өгөх боломжтой ажээ.


Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн захирамж гарсантай холбогдуулан НОБГ, НЦУГ-тай хамтран 2010 оноос эхлэн жил бүрийн 6 дугаар сарын 10-наас 9 дүгээр сарын 15 хүртэл эргүүл ажилладаг.


Уг ажлын хүрээнд, Нийслэлийн аврах анги 105 нь хоёр бүлэг болж нэг ээлжиндээ 12 албан хаагчтайгаар Баянзүрх дүүргийн 3 дугаар хэлтсийн 2 цагдаатай хамтран 24 цагийн турш үүрэг гүйцэтгэж байна.



Хур бороо элбэгшихээр Туул голын салаанууд усаар дүүрч, тогтоол ус бүхий эрсдэлт газрууд олширдог байна. Иргэдэд сэрэмжлүүлэг мэдээлэл өгөх зорилгоор тогтоол устай газрын тоог гаргахаар судалгааны ажил явуулж эхэлжээ. Энэ талаар  Нийслэлийн аврах анги 105-ын ажиллагааны зааварлагч ахмад Б. Баттулгаас тодрууллаа.


-Иргэд та бүхний ажлыг хэр дэмжиж хүлээн авч байна?

-Завьт эргүүлийг 2009 оноос эхлэн НОБГ-аас жил болгон зохион байгуулж ирсэн. 2011 оноос эхлэн Хотын даргын захирамж гарч, НЦУГ-тай хамтран иргэдэд сэрэмжлүүлэг өгч, эргүүл хийн ажиллаж байна. Өмнө нь архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн иргэд бидний зөвлөмж, сэрэмжлүүлгийг хүлээн авдаггүй, эсэргүүцэлтэй нэлээд тулгардаг байсан. Одоо харин иргэд шаардлага сэрэмжлүүлгийг хүлээн авч, хогоо аваад явдаг болсон. 


-Завьт эргүүл ажиллуулснаар хэчнээн хүний амь насыг авран хамгаалсан бэ?

-Өмнө нь иргэд дуудлага өгөхөд хотын төвөөс гарч, замдаа түгжирснээс цаг хугацаа нэлээд алддаг байсан. Харин одоо завьт эргүүл тогтмол ажиллаж байгаа тул цаг алдалгүй тусламж үзүүлэх бололцоотой болоод байна. Өнгөрсөн жил 20 гаруй иргэний амь насыг авран хамгаалсан. Үүнийг өмнөх жилүүдтэй харьцуулахад дуудлага мэдээллийн тоо багассан. Энэ жил завьт эргүүл эхэлснээс хойш эргүүл хийж явахад амралт зугаалгын байдалтайгаар “Адам ева” гэгддэг тогтоол усанд хоёр иргэн живж байхад нь таарч, амь насыг нь авран хамгааллаа. Энэ бол Баянзүрхийн 20  дугаар хороонд байрладаг, Адам евагийн хөшөөтэй тогтоол ус юм. Өмнө нь загас үржүүлэг хийдэг байсан газар юм билээ. Тогтоол усны гүн нь 2-8 метр байдаг.


-Иргэдэд сэрэмжлүүлэх үүднээс мэдээлэхэд, ямар тогтоол усыг эрсдэлтэй гэж та бүхэн үзэж байна вэ?

-Гачуурт тосгоны сургуулийн урд, мөн Хар усан тохой, Зэл амралт, Адам ева зэрэг Туул гол дагуух эрсдэл бүхий тогтоол устай газруудыг тогтоон, тэдний гүнийг тодорхойлж, сэрэмжлүүлэг самбар тавьж байна. Гэвч зарим  иргэд самбарыг урж, гэмтээдэг. Тиймээс самбар дээр “усанд живж байгаа” хүний зураг тавьдаг юм билүү гэж ярилцаж байна. 


-Иргэд ер нь ямар шалтгаан нөхцөлийн улмаас усанд осолдож байна вэ?

-Томчууд согтууруулах ундааг хэтрүүлсэн үедээ, бага насны хүүхдүүд хараа хяналтгүй гол усанд орох зэргээс болж осолдож байна. Энэ нь иргэд голын ус хэр  гүн гэдгийг мэдэхгүйгээр орох, мөн баталгаат зам сонгон зорчоогүйн улмаас эд хөрөнгө, амь насаараа хохирох тохиолдлууд олон гардаг. 

Б. Мандуул



Холбоотой мэдээ