Хүлэмжийн аж ахуй эрхлэгчид нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-06-12 16:02:19

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар тариалалт 96 хувьтай байгаа бөгөөд ирэх долоодугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд үргэлжилнэ.

Тус аймагт 3000 орчим газар тариалан эрхлэгч иргэн бий. Тэд одоогоор аймгийн хэмжээнд нийт 2291.7 га талбайд тариалалт хийсэн байна.

Үүнд, 210 га-д үр тариа, 676.8 га-д төмс, 916.8 га-д бусад төрлийн хүнсний ногоо, 488 га-д тэжээлийн ургамал тариалжээ.  

Харин өнгөрсөн жил 326 га-д тарвас тарьж, 4861 тонн ургац хураан авч байсан. Тэгвэл энэ жил нийт 328.2 га-д тарвас тарьжээ.

Энэ жилийн тухайд орон нутгийн иргэд хашаандаа ногоо тарих нь нэмэгджээ. Мөн хүлэмжийн аж ахуй эрхлэгчид нэмэгдсэн байна. Тодруулбал, өнгөрсөн жил аймгийн хэмжээнд 30 орчим иргэн хүлэмжийн аж ахуй эрхэлж байсан. Тэгвэл энэ жил 50 орчим иргэн хүлэмжийн аж ахуй эрхэлж, тариалалт хийж байна.  

Холбоотой мэдээ