Завханы Халдвартын эмнэлгийн хүүхдийн тасагт Солонгосоос тусламж илгээжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2016-05-10 11:20:01

Завхан аймгийн Халдвартын тасагт эмчлүүлж буй хүүхдүүдэд зориулан Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа нутгийн залуус тусламж үзүүлжээ.

Тэд улаан бурхан, салхин цэцэг болон бусад аюулт өвчнөөр шаналж буй хүүхдүүдэд зориулан найз нөхдийн хамт хандив цуглуулж цугласан мөнгөөрөө хэрэгцээт эм тариа, багаж хэрэгслийг авч, зохих газар нь хүргүүлэхийг хүсчээ. Тиймээс Завхан аймгийн Халдвартын эмнэлгийнхэнтэй холбогдож нэн шаардлагатай байгаа эм, тариа болон багаж хэрэгслийг тусламж болгон Солонгос улсаас илгээгээд буй юм. Завхан нутгийн уугуул, Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа залуучууд 400 ам.доллараар хүүхдийн зүрхний ажиллагаа, пульсыг хэмжигч пульсоксиметр хоёр ширхэг,  Японы Omron компаний утлагын аппарат хоёр ширхэг, утлагын аппаратанд хийж, цэрэндээ бөглөрөх гээд буй хүүхдийг утдаг Амброксол уусмал 50 ширхэг, дархлааг дэмжиж, вирусыг устгадаг Виферон лаа 10 хайрцаг, халдварт өвчний нянг устгагч Анаферон хүлхэгч шахмал таван хайрцаг, уян зүү, Budeson зэрэг эм тариаг тусламж болгон илгээгээд байна.

Дашрамд дуулгахад Завхан аймгийн Халдвартын эмнэлэг ашиглалтанд ороод сар гаруй хугацаа өнгөрөөд буй аж. Шинэхэн эмнэлэгт одоогийн байдлаар насанд хүрэгчдээс гадна улаан бурхан болон салхин цэцгийн халдвартай 20 гаруй хүүхдүүд эмчлүүлж байна.

Завхан Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ