Гадаад харилцааны сайд Төв Азийн орнуудын эдийн засгийн асуудлаарх онлайн хэлэлцүүлэгт оролцлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-06-10 18:19:02
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-аас өнөөдөр зохион байгуулсан “Төв Азийн орнуудын хувийн хэвшлийн сэргэлтийг дэмжих нь” сэдэвт сайд нарын түвшний онлайн хэлэлцүүлэгт оролцов.


Хэлэлцүүлэгт Афганистан, Киргизстан, Казахстан, Тажикстан, Туркменистан, Узбекистаны Худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн асуудал хариуцсан сайд, дэд сайд нар болон Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага, Европын холбоо, НҮБ-ын Европын эдийн засгийн зөвлөлийн холбогдох албан тушаалтнууд оролцож, Ковид-19 цар тахлын улмаас улс орнуудын нийгэм, эдийн засгийн хөгжил, гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд тулгарч буй бэрхшээлийг даван туулах арга зам, бүс нутгийн орнуудын сайн туршлагын талаар санал, мэдээлэл солилцлоо. 


Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас Covid-19 цар тахлын сөрөг нөлөөг бууруулах хүрээнд бизнес эрхлэгчдийг дэмжих, ард иргэдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулав.


Тэрбээр дэлхий нийт урьд өмнө тулгарч байгаагүй хүнд сорилттой нүүр тулж, цар тахлын эдийн засгийн үр дагавар цаашид ч мэдрэгдэхээр байгааг тэмдэглэж, энэхүү хүнд сорилтыг олон улсын хамтын нийгэмлэг, бүс нутгийн орнуудын хамтын хүч чармайлтаар л даван туулах боломжтойг онцлон тэмдэглэв. Мөн цар тахлын нөхцөл байдалд улс орнууд худалдаа, эдийн засгийн үйл ажиллагаагаа сэргээх явцад эрүүл мэндийн итгэлцлийг бэхжүүлэх шаардлага бий болж байна гэж үзэж буйгаа илэрхийллээ.


Төв Азийн бүс нутгийн орнууд цар тахлыг даван туулах, улмаар нийгэм, эдийн засгийн урт хугацааны зорилтуудыг хэрэгжүүлэхэд эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага, Европын холбоо, НҮБ-ын Европын эдийн засгийн зөвлөлийн зүгээс цаашид ч дэмжлэг үзүүлж ажиллахаа эдгээр байгууллагын албаны хүмүүс хэлэлцүүлгийн үеэр илэрхийлэв.

Холбоотой мэдээ