УИХ-ын гурван байнгын хороо хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-05-10 09:23:15

УИХ-ын гурван байнгын хорооны хуралдаан өнөөдөр болно.

Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их эзэн Чингис хаан танхим”-д эхэлж, Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Хууль сахиулах тухай зэрэг хуулийн төслүүдийг хэлэлцэхээр товложээ. Мөн Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах тухай Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгын саналыг авч хэлэлцэнэ.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар танхим”-д эхэлж, Хог хаягдлын тухай, Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийн шат шатны хэлэлцүүлгийг хийх юм. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар танхим”-д эхлэх ба Худалдааны тухай, Дэмпингийн тухай, Стандартчилал, техникийн зохицуулалт, Итгэмжлэлийн тухай, Хэмжил зүйн тухай хуулийн төслүүд хэлэлцүүлэгт орж иржээ.

Б.Туул

Холбоотой мэдээ