Зам тээврийн ослоор 27 хүүхэд энджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2020-06-08 15:41:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүүхэд автомашинд мөргүүлсэн, сууж явсан автомашин нь онхолдсоноос хүүхдийн амь нас хохирсон тохиолдлууд нийт ослын зонхилох хувийг эзэлж байна.


Улсын хэмжээнд он гарсаар 143 хүүхэд зам тээврийн осолд өртөж, 27 хүүхэд энджээ. Тодруулбал, 11 хүүхэд автомашинд мөргүүлж, 2 хүүхэд мөргөлдсөн автомашинаас унаж, мөн 2 хүүхэд хөдөлгөөнд оролцож байсан автомашинаас унаж, 12 хүүхэд нь зорчиж явсан автомашин онхолдоход амиа алджээ.


Түүнчлэн жолооч нар машинаа ухраахдаа яарсан, анхаарал сул байсны улмаас 7 хүүхдийн аминд хүрчээ. Мөн 12-14 насны 4 хүүхэд мотоцикл жолоодож яваад унаж амиа алдсан байна.


Энэ талаар ТЦА-ны Урьдчилсан сэргийлэх хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахмад Б.Зориг мэдээлэхдээ, “10 хүртэлх насны хүүхдүүд аливаа зүйлийг хийхдээ үр дагаврыг нь нарийн тооцож мэддэггүй, замын хөдөлгөөнд оролцох дадал, хэвшил нь төлөвшөөгүй байдаг тул эцэг эх нь зам хөндлөн гарахдаа заавал хөтөлж явах шаардлагатай. Энэ үүргээ биелүүлээгүйн улмаас хүүхэд гэмтэж бэртэх, улмаар амь насаа алдах тохиолдол ихсэж байна. Зарим улсад үйлдвэрлэсэн мотоцикл хар зам, сайжруулсан замд зориулагдсан байдаг. Гэтэл иргэд тухайн тээврийн хэрэгсэл манай орны зам харгуй, даваа гүвээ, гуу жалгаар зорчиход тохирох эсэхийг судалж үзэлгүйгээр худалдан авч, хайртай хүмүүсээ эрсдэлд оруулж байна” гэв.


Б.Мандуул

Холбоотой мэдээ