БНСУ-д халдварын 39 тохиолдол бүртгэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2020-06-05 13:25:30

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-д нэг хоногийн дотор коронавирусний халдварын 39 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр халдвар авсан хүний тоо 11668-д хүрлээ гэж тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв мэдээлэв.


БНСУ-д дөрөвдүгээр сарын эхэн үеэс хойш өдөрт илрэх шинэ халдварын тоо 10-20 тохиолдол болж аажмаар буурсан бол тавдугаар сарын 6-нд энэ тоо хоёр болж цөөрсөн юм. Гэвч шинээр халдварын голомтууд үүсэж коронавирусний халдвартай өвчтөнүүдийн тоо дахин нэмэгдэж эхэлжээ.   


Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлснээр, шинэ тохиолдлуудын 34 нь дотооддоо халдварлаж, тав нь гаднаас зөөвөрлөгдөн иржээ. Халдварын 31 тохиолдол төвийн хэсэгт бүртгэгдсэн байна. Нийслэл Сөүл хотод 15, Гёнгидо мужид 13, Инчон хотод зургаан тохиолдол илэрсэн бол үлдсэн нь бусад бүс нутагд бүртгэгдсэн байна.


Сөүл хотын алдартай дүүрэг болох Итаевоны шөнийн цэнгээний газрууд, бааруудад тавдугаар сарын эхээр тархсан халдвартай холбоотой тохиолдлын тоо 272 болжээ. Халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг муу дагаж мөрдсөний улмаас Гёнги мужийн Бучеон хотын цахим худалдааны “Coupang” компанийн хүргэлтийн төвд халдвар авсан хүний тоо 119-т хүрсэн байна. Үүнээс гадна, шашны жижиг цугларалтуудын үеэр 73 хүн халдвар авчээ.  


Өнгөрсөн өдрийн байдлаар долоон хүн эмнэлгээс гарснаар эдгэрсэн хүний тоо 10506 болсон байна. Харин нас барсан тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд цар тахал дэгдсэнээс хойш 273 хүн нас баржээ. БНСУ-д нийтдээ 990 мянга гаруй хүнд коронавирусний шинжилгээ хийсэн байна.  


Халдварын нийт тохиолдлын 45.9 хувь нь буюу 5200 гаруй хүн “Шинчонжи” сүмтэй холбоотой байна. Харин 1280 тохиолдол нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирсэн бөгөөд тэдний 87.2 хувь нь БНСУ-ын иргэд аж.


Холбоотой мэдээ