Ж.Флойд амиа алдсан нь олны дургүйцлийг төрүүлснийг тайлбарлах 3 баримт
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ЛОНДОН. /BBC/.
Африк гаралтай америк эрэгтэй Жорж Флойд цагдаа нарын гарт амиа алдсантай
холбоотойгоор АНУ-д эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж, эмх замбараагүй байдал дэгдэж
эхэлсэн билээ. Африк гаралтай америкчууд хууль сахиулах байгууллагын ажилтнуудтай түнжин хагарах үед үүсдэг нөхцөл байдлуудын талаар ойлголт
өгөхийн тулд “BBC” агентлаг АНУ дахь гэмт хэрэг, шударга шүүхийн талаарх зарим мэдээллийг судлан хүргэж байна.
1.Африк гаралтай
америкчууд цагдаа нарын гарт амь үрэгдэх магадлал илүү өндөр байдаг
Цагдаа нар хүн
рүү буудах, амийг нь хөнөөх тохиолдолд африк гаралтай америкчууд хохирогч болох
тохиолдол олонтаа гардаг байна. Африк гаралтай америкчуудын АНУ-ын хүн амд
эзлэх хувьтай харьцуулахад ийм тохиолдлын тоо тэгш бус харьцаатай байгааг статистик
харуулжээ.
Тухайлбал, 2009
онд цагдаа нар сэжигтний амийг бүрэлгэсэн 1000 орчим тохиолдлуудын 23 гаруй
хувийг африк гаралтай америкчууд эзэлжээ. Харин АНУ-ын хүн амын 14 хувийг африк-америкчууд бүрдүүлдэг байна.
Цагдаа нарын
гарт амиа алдсан африк гаралтай америкчуудын тоо 2017 оноос хойш бараг л
өөрчлөгдөөгүй бол цагаан арьстнуудын тоо буурчээ.
2. Хар тамхины
хэргээр ихэвчлэн Африк гаралтай америкчууд баривчлагддаг
Цагаан
арьстнуудтай харьцуулахад африк гаралтай америкчууд хар тамхины хэргээр илүү их баривчлагддагийг АНУ-ын Хүн амын тооллогын
товчооны мэдээлэл харуулжээ.
2018 онд африк
гаралтай америкийн 100 мянган иргэн тутмын 750 орчим нь хар тамхины хэргээр
баривчлагдсан бол мөн тооны цагаан
арьст америкчуудын 350 нь л
ийм хэргээр баривчлагджээ.
Цагаан арьстнууд
африк гаралтай америкчуудтай адил хэмжээгээр мансууруулах бодис хэрэглэдэг
хэдий ч африк гаралтай америкчууд илүү их баривчлагддагийг өмнө нь явуулсан хар
тамхины хэрэглээний талаарх судалгааны дүн мөн харуулсан байна.
Тухайлбал, цагаан
арьстнуудтай харьцуулахад африк гаралтай америкчууд олсны ургамал хэрэглэсэн
хэргээр баривчлагдах магадлал 3.7 дахин өндөр байдгийг Америкийн иргэний эрх
чөлөөг хамгаалах холбооны явуулсан судалгаа харуулжээ.
3. Африк
гаралтай америкчууд илүү их шоронд хоригддог
Торны цаана
орсон африк-америкчуудын тоо цагаан арьст америкчуудтай харьцуулахад 5 дахин,
латин америкчуудаас 2 дахин их байгааг АНУ-ын Хүн амын тооллогын товчоо,
Шүүхийн статистикийн товчооноос гаргасан мэдээлэл харуулжээ.
2018 онд африк
гаралтай америкчууд АНУ-ын хүн амын 13 орчим хувийг эзэлж байсан хэдий ч
хоригдлуудын дунд тэдний эзлэх хувь 30 гаруй хувьтай байжээ.
Харин цагаан
арьст иргэдийн хүн амд эзлэх хувь 60 гаруй хувийг бүрдүүлж байсан хэдий ч
хоригдлуудын 30 орчим хувийг эзэлж байсан аж.
Өөрөөр хэлбэл,
африк гаралтай америкийн 100 мянган иргэн тутмын 1000 орчим нь хоригдож байхад,
цагаан арьст 100 мянган иргэн тутмын 200 орчим нь шоронд сууж байна гэсэн үг
юм.
Дээд дурдагдсан
хоригдлуудын тоог гаргахдаа холбооны шорон эсвэл мужийн засан хүмүүжүүлэх
газарт нэг жилээс илүү хугацаагаар хоригдох ял авсан авсан хүмүүсийн тоог
хамруулжээ.
Сүүлийн 10
жилийн хугацаанд африк-америкчуудад шоронд хоригдох ял оноох нь багассан хэдий
ч бусад угсаатны бүлэгтэй харьцуулахад африк гаралтай америк хоригдлуудын тоо
өндөр хэвээр байна.