Хавдрын эсрэг аянд зориулж түүхэн жүжиг тоглоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-05-09 11:36:34

БСШУЯ-ны Шинжлэх ухаан, технологийн сангийн төслийн хүрээнд Хавдар судлалын үндэсний төв элэг шилжүүлэн суулгах мэс засал хийх зорилт дэвшүүлж, “Элэг нэгт Монголчууд” санг байгуулан хандивын аяныг улс даяар зохион байгуулаад байна.

Хавдрын эсрэг аянд зориулж аймгийн Эрүүл мэндийн газар Хөгжимт драмын театртай хамтран 5-р сарын 14-ний өдөр “Жамуха” түүхэн жүжгийг тайзнаа амилуулан Өвөрхангайчууддаа хүргэх гэж байна. Жүжгийн билетийн үнэ 10 мянган төгрөг бөгөөд эрүүл мэндийн салбарын бүх ажилчид тоглолтыг үзэж, өөрсдийн хандиваа өргөх юм.

Мөн нийт ард иргэдэд хандаж, “Жамуха” жүжгийг үзэн Хавдар судлалын үндэсний төвд элэг шилжүүлэн суулгахад хэрэглэгдэх нэн шаардлагатай байгаа хоёр тоног төхөөржийг авахад хувь нэмрээ оруулахыг уриалж байна. Хорт хавдар нь манай орны хүн амын нас баралтын хоёр дахь шалтгаан болж, түүний дотор элэгний хорт хавдар 40 гаруй хувийг эзэлж байгаа юм. Тиймээс энэхүү өвчлөлийг бууруулахад хүн бүхний оролцоо чухал гэдгийг эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд хэлж байна.

Өвөрхангай Б.Батчимэг

Холбоотой мэдээ