Албан хаагчдад ирэх сарын 15-ны дотор орон сууц олгохыг үүрэг болгов

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2020-05-29 17:26:32
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шинэ коронавирусний цар тахлаас урьдчилан сэргийлэхээр галын шугамд ажиллаж байгаа албан хаагчдад түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууц олгох ажлыг ирэх сарын 15-ны дотор зохион байгуулахыг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Ажлын багийн хуралдааны үеэр үүрэг болгов.


Монгол Улсын Засгийн газраас цар тахлын үед галын шугамд ажиллаж байгаа албан хаагчдаа дэмжих зорилгоор энэ сарын 20-ны өдөр “Төрийн үйлчилгээний болон төрийн тусгай албан хаагчдыг түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцаар хангах тухай” тогтоол гаргаж, хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлж ажиллахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгосон.


Энэ дагуу Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинээр ахлуулсан ажлын баг байгуулагдаж тус хөтөлбөрийг богино хугацаанд хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах 100 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэр Монгол банканд байгаа аж. Түүнийг хуулийн хүрээнд хэрхэн зохицуулж, барилгын компаниудаас худалдан авалт хийх эрхийг нээх асуудлаар Сангийн яам, НОСК, Монгол банк, Төрийн банкны төлөөллүүд санал хэлж, дахин нэгтгэн танилцуулахаар болсон тухай Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээлэв.


Хурлын үеэр БХБЯ-наас өгсөн мэдээллээр зөвхөн нийслэлд 100 хувийн гүйцэтгэлтэй, нүүж ороход бэлэн 1983 айлын орон сууц, 80 –аас дээш хувийн гүйцэтгэлтэй 5300 орон сууц зах зээл дээр байгаа аж. Хөтөлбөрт эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа төрийн үйлчилгээний болон төрийн тусгай 1300-1500 албан хаагчийг хамруулахаар төлөвлөсөн. Үүнд нийлүүлэлт хангалттай байх боломжтой юм.


Албан хаагчдад өөрийн чадамжид тулгуурлан сонголтоо хийх бүх боломжийг олгох нь зүйтэй гэж ажлын багийн гишүүд үзлээ. Мөн сонгох орон сууцанд нь метр квадрат болон үнийн дээд доод босго хэмжээ тогтоохгүй, урьдчилгаа төлбөр шаардахгүй, байршил заахгүй, зах зээл дээр бэлэн байгаа орон сууцнуудаас сонголт хийх нөхцлийг бүрдүүлэхээр судалж байгаа ажээ.


Монгол Улсын Шадар сайд, ажлын багийн ахлагч Ө.Энхтүвшин дараагийн ээлжит хурлыг ирэх долоо хоногийн лхагва гарагт зарлаж, 2020 оны 6 дугаар сарын 15 гэхэд албан хаагчид эхнээсээ түлхүүрээ гардаж, орон сууцандаа орохоор тооцоолж ажиллахыг ажлын багийн гишүүдэд хатуу анхааруулав. Тэрбээр, "Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, орон даяар цар тахлаас хамгаалах, урьдчилан сэргийлэх дэглэмд амьдарч, ажиллаж байгаа энэ үед хамгийн хүндийг үүрч байгаа хүмүүсээ бид дэмжих ёстой. Зөөвөрлөгдөн орж ирж байгаа цар тахлыг тогтоож барихад тэргүүн эгнээнд амралтгүй, нойр хоолгүй, ажиллаж байгаа албан хаагчдаа дэмжих зорилгоор батлагдсан энэ хөтөлбөрийг авч байгаа хүндээ хүндрэл чирэгдэлгүй орон сууцандаа шууд орох байдлаар богино хугацаанд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангах нь чухал" хэмээлээ. 

Холбоотой мэдээ