“MOНГПЕН” төслийг хэрэгжүүлэгчид сургалтад хамрагдаж байна

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2020-05-29 15:42:34

Дархан-Уул /МОНЦАМЭ/. “Халдварт бус өвчин, зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах тусламж, үйлчилгээний зайлшгүй шаардлагатай багцыг эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний түвшинд нэвтрүүлэх MOНГПЕН загвар” төсөл орон нутгаас анх удаа Дарханд хэрэгжиж байгаа билээ. 2019 оноос эхэлсэн уг төсөл Дархан-Уул аймгийн 3 сум, 5 өрхийн эрүүл мэндийн төвд хэрэгжиж байгаа юм.

Цахим жорд суурилсан Халдварт бус өвчин, зүрх судасны өвчнөөс /ХБӨ/ЗСӨ/ сэргийлэх, хянах үйл ажиллагааг удирдлагаар хангах, эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах, удирдлага, арга зүйн дэмжлэг үзүүлэх хоёр өдрийн сургалтыг Дархан суманд зохион байгуулж байна.

Танхимын сургалтаас гадна Сум, өрхийн эрүүл мэндийн төвд ажиллаж MOНГПЕН төслийн хэрэгжилтийн явц, үр дүнд хяналт хийх аж. Сургалтын нээлтэд аймгийн Засаг дарга С.Насанбат, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица, Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Т.Энхзаяа нарын холбогдох албаныхан оролцож төслийн үр дүнг онцлон сайшааж байлаа.

Төслийн хүрээнд Зүрх судасны өвчний эрсдэлийг тооцох, хянахад зориулан цусан дахь өөх тосны хэмжээг тодорхойлох аппарат, сахар хэмжигч, тэдгээрийн түргэвчилсэн оношлуур, биеийн жин болон биеийн найрлага, яс, булчингийн хэмжээг тодорхойлох тоног төхөөрөмж, шээсний олон үзүүлэлт бүхий туузан оношлуур, цусны даралт хэмжих стандарт ширээ, сандал, өндөр хүчин чадал бүхий сүүлийн үеийн компьютер, эрүүл мэндийн боловсрол олгох LCD дэлгэц, олон үйлдэлт өнгөт принтер гэх мэт тоног төхөөрөмжийг хэрэгжүүлэгч байгууллагуудад өгсөн аж.

Мөн 2019 оны 5, 11, 12 дугаар сард эмч, мэргэжилтнүүдийг сургаж, гарын авлага материалаар хангажээ.

 

Холбоотой мэдээ