ШӨХТГ-аас 43 фэйсбүүкийн хандалтыг зогсоожээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-05-28 12:09:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сонгуулийн сурталчилга албан ёсоор эхлээгүй байхад мэдээллийн зарим хэрэгсэл нэр дэвшигчийг сурталчлах, мөн улс төрийн чансаа тогтоох байдлаар судалгаа болон шалгаруулалт явуулах зэргээр УИХ-ын сонгуулийн хуулийг зөрчиж буй талаар ШӨХТГ-аас өнөөдөр мэдээллээ.

Тодруулбал, тус газраас хууль зөрчсөн 3 телевиз, 1 сайтад албан шаардлага хүргүүлэн зөрчлийг арилгуулж, 43 фейсбүүк хуудасны хандалтыг зогсоогоод байна. 

Зөрчлүүдийн талаар ШӨХТГ-ын дарга Б.Лхагваас тодруулбал, "Өнгөрсөн хугацаанд улстөрийн чансаа тогтоох зорилгоор шалгаруулалт, санал асуулга явуулах зөрчил голлон гарч байна. Үүнийг зарим телевиз тусгай дугаарын утас болон фэйсбүүк хуудсаараа шууд дамжуулан иргэдийн санал сэтгэгдлийг авч байна. Энэ нь УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 48-р зүйлийн 1.7 дахь, "Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орон зай, мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулахгүй байх" гэсэн заалтыг зөрчиж байна. 

Дээрх хуулийн заалтыг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу хувь хүнийг 20 сая, хуулийн этгээдийг 200 сая төгрөгөөр торгох арга хэмжээ авдаг. Мөн хэвлэл мэдээллийн байгууллага болон хувь хүн хууль зөрчсөн тохиолдолд үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, цахим хуудасны хандалтыг ээлжит сонгуулийн санал хураалтын дүн гарах хүртэл хугацаанд зогсоодог" гэв. 


УИХ-ын Сонгуулийн хуулийн заалтыг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу хувь хүнийг 20 сая, хуулийн этгээдийг 200 сая төгрөгөөр торгох арга хэмжээ авдаг. 



ШӨХТГ хуулийн дээрх заалтуудад хяналт тавин ажиллах үүрэг хүлээж байна. Харин сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлснээс хойш радио, телевиз нэр дэвшигчдийн талаарх сонгуулийн үйл явцын мэдээллийг нэг талыг барихгүй, хараат бус байх зарчмыг баримтлан, бодит байдлаар тэнцвэртэй түгээж буйг мөн хянан ажиллах юм. Тиймээс сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө гарч буй зөрчлийг нэг удаа анхааруулж сануулах, албан шаардлага хүргүүлж, илт сурталчилгаа хийж буй үйлдлийг хуулийн дагуу МХЕГ-т шилжүүлэн ажиллаж байгаагаа мэдэгдлээ. 

Жишээ нь, сүүлийн үед телевизүүдээр олонтоо гарч буй, улс төрийн намууд болон нэр дэвшигчдийн илт нэг нэгэн рүүгээ дайрсан, "Төлбөртэй" гэсэн нэвтрүүлгүүд хууль зөрчиж буй эсэх талаарх сэтгүүлчдийн асуултад тэрээр, "Энэ талын асуудлыг МХЕГ хуулиар хариуцаж буй" гэсэн хариултыг өгөв. 

Гэрэл зургийг Н.Батбаяр


Холбоотой мэдээ