Хонконгийн хэрэгт хөндлөнгөөс оролцвол хариу арга хэмжээ авахаа мэдэгджээ

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2020-05-28 11:10:56

БЭЭЖИН. /TASS/. Хонконгийн хэрэгт хөндлөнгөөс оролцвол шаардлагатай бүхий л хариу арга хэмжээнүүдийг Хятад улс авч хэрэгжүүлнэ хэмээн БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Жао Лизянь мэдэгджээ.


“БНХАУ-ын Засаг, захиргааны онцгой бүс Хонконгийн нутаг дэвсгэрт үндэсний аюулгүй байдлыг хангах тухай шинэ хуулийн төслийг боловсруулах тухай тогтоолыг Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын хэлэлцэх асуудалд оруулсныг эсэргүүцэж байгаагийн илрэл болгон БНХАУ-ын эсрэг хориг арга хэмжээ авч магадгүй талаарх АНУ-ын шүүмжлэлийн тухайд Хятадын баримтлах байр суурь тууштай бөгөөд тодорхой. Хонконгийн үндэсний аюулгүй байдлын хүрээн дэх хууль тогтоомж нь цэвэр Хятадын дотоод хэрэг бөгөөд үүнд ямар ч хөндлөнгийн оролцоог хүлээн зөвшөөрөхгүй. Гадны аливаа хүчин Хятадын ашиг сонирхлыг хөндөж, Хонконгийн хэрэгт хөндлөнгөөс оролцвол БНХАУ шаардлагатай бүхий л хариу арга хэмжээг авна” гэж тэрбээр хэлжээ.


Ямар хариу арга хэмжээ авах талаарх сэтгүүлчийн асуултанд Жао Лизянь хариулахдаа “энэ асуултанд хариулахад эрт байна” гэжээ.


Хонкогт үндэсний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслийг БНХАУ-д боловсруулахтай холбогдуулан Хятадын эрх баригчдын эсрэг хориг арга хэмжээ авч магадгүй талаар ойрын өдрүүдэд мэдэгдэл хийхээр төлөвлөж байгаагаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн мягмар гарагт мэдэгдсэн байна.  


БНХАУ үндэсний аюулгүй байдалтай холбоотой хуулийг ашиглан "үнэн хэрэгтээ Хонконгийг эзлэх гэж байна" гэж АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн туслах Роберт О'Брайен өмнө нь мэдэгдсэн юм. Түүний хэлснээр, үйл явдал цаашид ингэж өрнөсөн тохиолдолд Хонконг өөртөө засах ихээхэн эрх хэмжээгээ хэвээр хадгална гэдгийг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео баталж чадахгүй бөгөөд хэрэв ийм зүйл болбол Хонконг болон Хятад улсын эсрэг хориг арга хэмжээ авна. АНУ БНХАУ-ын эсрэг хориг арга хэмжээ авахыг зорьж байгаатай холбогдуулан БНХАУ-ын ГХЯ өнгөрсөн даваа гарагт АНУ-д хатуухан мэдэгдэл хийсэн юм.


Хуулийн төслийн тухайд

Өнгөрсөн долоо хоногт Хонконгийн нутаг дэвсгэр дэх үндэсний аюулгүй байдлын тухай шинэ хууль боловсруулах тогтоолыг Бээжин хотод болсон Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын чуулганы (хууль тогтоох дээд байгууллага) хэлэлцэх асуудлуудад оруулсан юм. Энэ зорилгоор Хятадын эрх баригчид Хонконгт аюулгүй байдлын онцгой байгууллагууд байгуулах боломжийг судлах аж.


Барууны орнууд болон Хонконгийн сөрөг хүчнийхэн энэхүү санаачилгыг “нэг улс-хоёр тогтолцоо” зарчмыг зөрчиж, Хонконгийн ардчилсан эрх, эрх чөлөөнд халдаж буй хэрэг гэж үзжээ. Харин Хонконгийн удирдлагууд уг санаачилгыг дэмжсэн бөгөөд иргэдийнх нь хууль ёсны эрх, эрх чөлөөнд нөлөөлөхгүй гэжээ.

Холбоотой мэдээ