“Чингис хаан” музейн барилга төлөвлөсөн хугацаандаа сүндэрлэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-05-27 17:33:21
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Чингис хаан" хаадын музейн барилгын ажилтай өнөөдөр танилцлаа. Хоёр сар орчим хугацаанд барилгын суурийн давхрын хэсгийг бүрэн дуусгаж, нэгдүгээр давхрыг цутгах ажлыг эхлүүлжээ.


Ерөнхий сайдын хамт БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн нар барилгын ажлын явцтай танилцаж, холбогдох албаныхны мэдээллийг сонссон юм. 



Барилгын ажлыг “Билгүүн Монгол” компани хоёр ээлжээр 170 гаруй ажилтны бүрэлдэхүүнтэй гүйцэтгэж байна. Шинэ коронавирусний цар тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөж, ажиллаж байгааг албаныхан дуулгалаа. Төлөвлөсөн хугацааны дагуу энэ оны 12 дугаар сард тус барилгыг хүлээлгэн өгөх боломжтой гэдгээ төслийн удирдагч хэлсэн. БХЯ, Барилгын хөгжлийн төв, МХЕГ-аас томилогдсон инженерээс бүрдсэн ажлын баг чанар стандартыг байнга хянаж байгаа аж. 



Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Билгүүн Монгол” компанийн нийт ажилчдад талархаж буйгаа илэрхийлээд, “Чингис хаан” хаадын музей монголчуудын бахархал, дэлхийд сурталчлах өв соёлын төв байх ёстой юм. Монгол Улсын Засгийн газар урлаг, түүх, соёлын салбарын хөгжилдөө тусгайлан анхаарч, ихээхэн хэмжээний хөрөнгө оруулж байгаа. Музей, дуурь, драм, номын сангийн барилгаа шинэчлэх, засварлах, өргөтгөх зэргээр цогц ажил өрнүүлж байна. Та бүхэн энэ томоохон зорилтод гар бие оролцож, их хаанаараа нэрийдэж, Монголынхоо хөгжлийн үе шат, хаадынхаа түүхийг харуулсан музейн барилгыг босголцож байгаа нь нэг талаас үүрэг, нөгөө талаас бахархал юм. Улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулж байна гэдгээ ухамсарлан ажиллахыг хүсье. Гүйцэтгэлээс нь харахад төлөвлөсөн хугацаандаа барилгыг хүлээлгэн өгч чадна гэж итгэж байна" хэмээв.


Монгол Улсын Засгийн газраас “Чингис хаан” хаадын музей байгуулахаар 2019 оны 7 дугаар сард шийдвэрлэж,  2020 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр тус музейн барилгын ажлыг эхлэсэн юм.

Холбоотой мэдээ