Иргэний нийгмийн байгууллагууд СЕХ-нд шаардлага хүргүүлэв

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2020-05-27 12:07:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэхдээ СЕХ хууль зөрчиж байна хэмээн иргэний нийгмийн байгууллагууд үзэж, тус хороонд өнөөдөр шаардлага хүргүүллээ.


СЕХ-ноос МАХН, ИЗНН, МУНН-ын “Та бидний эвсэл”-ээс нэр дэвшүүлэхээр хүргүүлсэн 76 хүнээс Н.Энхбаяр, Б.Тулга нарын 5 хүнийг бүртгэхээс татгалзаад буй юм. Тухайлбал, МАХН-ын дарга Н.Энхбаяр энэ жилийн сонгуульд Баянгол дүүрэгт нэр дэвшихээр СЕХ-нд материалаа хүргүүлсэн. Харин СЕХ-ноос 2012 онд Н.Энхбаярыг авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээс тогтоогдсон гэж үзэн нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан юм.


Эрүүгийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхээс Н.Энхбаярыг авлига, албан тушаалын гэмт хэрэг, бусдын эд хөрөнгийг завшиж, үрэгдүүлсэн үндэслэлээр яллах шийдвэр гаргасныг Улсын дээд шүүх 2012 оны 12 дугаар сард хянан хэлэлцсэн. Улмаар авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдохгүй байна хэмээн үзэж, зөвхөн бусдын эд хөрөнгийг завшиж, үрэгдүүлсэн гэсэн үндэслэлээр яллах болсон. Харин СЕХ-ноос Улсын дээд шүүхийн бус анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг үндэслэж, Н.Энхбаярыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан нь хууль зөрчсөн үйлдэл хэмээн “Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн” ТББ, “Босоо монгол” ТББ, "Дэлхийн Монгол ногоон нэгдэл", "Гал үндэстэн холбоо" ТББ үзэж, үзэж байгаа аж. Тиймээс СЕХ-г уг шийдвэрээ дахин хянаж, хуульд нийцсэн шийдвэр гаргахыг шаардаж буй юм.

Холбоотой мэдээ