Бритиш сургуулийн хамт олон УОК-т 10 сая төгрөг хандивлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2020-05-27 09:38:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. COVID-19 халдварын цар тархалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх Засгийн газар, Улсын Онцгой комиссын үйл ажиллагааг дэмжин, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Улаанбаатар дахь Бритиш сургуулийн хамт олон УОК-т 10 сая төгрөг хандивлалаа.

Тус сургуулийг төлөөлж сургуулийн захирал Жонатан Варнер болон Бизнес, үйл ажиллагаа хариуцсан захирал Г.Энхцэцэг нар Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинд хандивыг хүлээлгэн өгөв.

Захирал Жонатан Варнер "Бид Монгол Улсад, Улаанбаатарт ажиллаж, амьдарч байгаа иргэдийн нэг хэсэг нь тул баярлахаас гадна төр засаг, Улсын Онцгой комисоос хэрэгжүүлж байгаа арга хэмжээг даган биелүүлэх нь бидний үүрэг гэж ойлгож байна. Манай сургуулийн хувьд онлайнаар хичээл сургалтаа амжилттай явуулж байна. Энэ жил төгсөх хүүхдүүдийн хувьд маш өндөр үзүүлэлттэй, ихэнх сурагчид гадаадын их дээд сургуульд элсэн суралцах болсон. Бид ирэх хичээлийн жилд нэг ч хүүхдийг хоцрогдолгүй авч явна" гэсэн юм.

Шадар сайд Ө.Энхтүвшин чин сэтгэлийн талархал илэрхийлээд "Бид та бүхний өргөсөн хандивыг эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай уушги орлуулах ЭКМО аппаратыг авахад зарцуулна" хэмээн мэдэгдсэнийг Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээлэв.


Холбоотой мэдээ