Х.Отгонбилэг:Арц нь амьд байгалийг ариутгагч

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2020-05-27 14:57:01

Завхан /МОНЦАМЭ/. Сүүлийн дөчөөд жил зөгийн аж ахуй, ургамлын ертөнцийг судалж үржүүлж яваа эрдэмтний нэг, зөгийн аж ахуй, эмийн ашигт ургамлын талаар олон арван өгүүлэл бүтээл бичин нийтийн хүртээл болгож, цөөнгүй аймаг суманд зөгий үржүүлэх, ховор ургамлыг сэргээн нутагшуулах ажил хийж байгаа "Ховор ургамал сан" ТББ-ыг үүсгэн байгуулагч, биологийн ухааны доктор Хөхөөгийн Отгонбилэгтэй уулзаж нэн ховор ургамлын нэг болох арцны талаар цөөн хором ярилцлаа.


-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Таныг мод ургамал, амьтны талаарх судалгаа шинжилгээний ажил хийдэг болохоор Завхан нутгийн арцны талаарх мэдээллийг тодруулж асуух гэсэн юм? Отгонтэнгэрийн арц гээд зах зээлд эрэлт ч их байх юм?

-Өдрийн мэнд хүргэе. Манай Монгол орон ургамлын баялгаар арвин шүү дээ. Тухайлбал 3160-аад зүйлийн гуурст дээд ургамалтай гэдэг. Эдгээрээс эмийн ач холбогдолтой 1100 зүйл, малын тэжээлийн 1000, хүнсний 208, жимс жимсгэнэт 70, элс тогтоох хөрс бэхжүүлэх 70 гаруй төрлийн ургамал байна. Мөн балт 547, амин дэмтэй 1150, эфирийн тостой 230-аад төрөл зүйл гээд олон чиглэлийн ач холбогдолтой ургамлууд  цөөнгүй байна.

Тэгэхээр бидний хөл дор эм, хүнсний ургамал хөглөрч байгаа гэсэн үг л дээ. Эдгээрээс таны асууснаар зөвхөн арцны талаар хариулъя. Завхан бол яах аргагүй арцны нутаг. Сүүлийн үед манай аймгийн иргэдийн дунд арцны талаар үл ойлголцох асуудлууд нэлээд гарч байна. Энэ нь иргэд  арцаа танихгүй. Өөр өөрийн ам дамжсан нэрээр нэрлэж байгаатай холбоотой гэж харж байгаа. Арц нь Агарууны (Cupressaceae) овогт хамаарах 60-аад зүйл ургамал тархсан байдаг. Эдгээрийг 50 сая жилийн өмнө үүссэн гэж үздэг. Дулаан оронд 30 метр орчим өндөр ургах мод ч бий. Харин манай оронд сөөг хэлбэрийн хонин арц (Juniperus sabina), дагуур арц (Juniperus dahurica), хуурамч хонин арц  (Juniperus peudossabinа), ямаан арц (Juniperus sibirica) гэсэн дөрвөн зүйл голдуу Хангай, Хэнтий, Хөвсгөл, Алтай, Говь-Алтай зэрэг уулархаг нутгийн өндөр уулсаар тархан ургадаг.

Арц нь эфирийн тос бүхий анхилам үнэр ялгаруулан орчноо ариутган байдаг амьд байгалийг ариутгагч юм. Мөн цөөнгүй тооны эмийн найрлагад ордог гайхамшигт ургамал учраас монголчууд эрт цагаас ашиглаж ирсэн байна. Өндөр ууланд тархсан нь эфирийн тосны агууламж илүү учраас бусад ургамлаас үнэр илүү байдгаас голдуу ариутгал, утлагад ашигладаг. Ялангуяа хонин арцыг хэрэглэх нь илүүтэй.

Тэгэхээр Завхан нутгийн буюу Хангайн нурууны Отгонтэнгэр орчимд ургах хонин арц анхилам сайхан үнэртэй учраас их алдартай илүү хэрэглээтэй байна. Түүний сайхан үнэртэй ариутгах чанарыг түшиглэн сүм хийдийнхэн, ихэс дээдэс  ариутгалд ашиглаж ирсэн уламжлалтай.

-Арцыг нутгийнхан их түүж ашигладаг. Сүүлийн жилүүдэд хүмүүс их хэмжээгээр түүж зах зээлд борлуулж байгаа. Энэ ургамлыг түүх хугацаа гэж бий юу? Нөхөн ургалт хэр уддаг юм бол?

-Монголчууд аливаа байгалийн ургамлыг авч ашиглахдаа тодорхой хугацаанд өдөр гарагаа тохируулан байгаль ээжээсээ гуйж хүндэтгэл үзүүлэн тухайн орчноос бага хэмжээгээр авч хэрэглэдэг байж.

Одоогийнх шиг аль дайралдсан газраасаа  замбараагүй авч ашиглахыг хатуу хориглодог байсан байна. Монголчууд арцыг тусгайлан үржүүлж ургуулж байгаагүй ч ашиглалтын нарийн горимтой байснаас байгалийн  унаган төрхийг хэзээ ч алдагдуулж байгаагүй. Арцны ид төлжин ургах үед авах хориотой байсан байна. Дээр дурдсан арцны зүйлүүдээс хонин арц Монголын “Улаан ном”-д,  дагуур арц, хуурамч хонин арц нь ховор ургамлын бүртгэлд орсныг онцлон анхаарах ёстой. Үүнийг иргэд мэддэг байх ёстой. Холбогдох мэргэжлийн байгууллагууд нь иргэдэд мэдээлэл өгч хамгаалах хэрэгтэй юм.

-Иргэдийн хонин арц гэж зараад байгаа нь нэн ховор ургамал юм байна шүү дээ. Ямаан арц нь элбэг ургамлын жагсаалтад ордог юм байна. Иргэд ховор ургамлаа элбэг ямаан арцтай андууран их хэмжээгээр түүгээд байна уу?

-Ямаан арц үнэрийн хувьд хонин арцандаа хүрдэггүй. Тархац нөөцийн хувьд бусад арцтайгаа төстэй ч хэрэглээ багатай. Гэхдээ бас л зохистой ашиглах ёстой. Ер нь сүүлийн гучаад жил бид дэндүү бэлэнчлэх сэтгэлгээнд дасаж хэдэн бор төгрөгийн төлөө байгаль руу дайрах болсныг таслан зогсоох нь чухал байна. Сум, орон нутгийн мэргэжлийн байгууллагууд, байгаль хамгаалагч нар хатуу шаардлага тавьж хамгаалах, хянах ёстой юм.

-Тэгвэл арцыг хэрхэн яаж таних ёстой юм бол?

-Арцыг түүний шилмүүс, мөчир үр, үндэс зэрэг олон шинжээр ялгана. Хонин арцны шилмүүс хайрсархуу, найлзуур буюу залуу мөчир дээр нь бие биеэ нягт дэрлэн байрласан эсвэл найлзуурын зарим хэсэг нь зуурхуу нарийхан, бүх шилмүүс нь хайрсархуу боргоцой жимсгэнэ дотроо хоёроос зургаан ширхэг үртэй байдаг. Харин ямаан арцны бүх шилмүүс нь зуурхуу гурваараа тойрч байрласан байдаг байх жишээтэй.

-Манай аймгийн иргэд Богдын гол, Төмөртийн гол дагуух ам, судгаар их хэмжээгээр арц түүж байна. Энэ хэсгээр ургаж байгаа арц нь ямар зүйлийн арц байна вэ? Танд судалгаа бий юу?

-Таны дурдсан газруудад голдуу хонин арц тархсан байдаг. Гэхдээ би нарийвчлан судалгаа хийгээгүй. Арц дээр дурдсан уулархаг нутгаар тархалттай. Түүний тархалтын иж бүрэн судалгаа хараахан гараагүй байгаа.

Харин шинжлэх ухааны доктор, профессор Ц.Цэндээхүү (Завхан аймгийн Яруу сумын уугуул) багш Хангайн нуруу, Отгонтэнгэр орчмын ургамалжилт ургамлын аймаг. Завхан Борхын голын чацарганын судалгааг нэлээд хийж бүтээлдээ цөөнгүй тусгасан нь бий.

-Арц нөхөн төлжиж, сэргэж ургахдаа хэр вэ? Арцыг хайрлаж ургуулдаг монгол уламжлалт технологи арга бий юу? 

-Ер нь хуулийн заалтаа мөрдөх, хяналт шалгалтыг байгаль орчны байгууллагууд хууль тогтоомжийн дагуу сайн хийх хэрэгтэй. Хүмүүсийн зохисгүй хэрэглээ тухайн орчны ургамал амьтныг нөхөн өсөх, төлжих боломжгүй болтол устгадаг. Өнөөдөр Хангайн нурууны арцыг нөхөн төлжих боломжгүй болгож, эмх замбараагүй түүж байгаа нь үнэн юм.  

1950-аад оны эхээр Улиастай хотын баруун талын Баян-Улаан уул орчимд элбэг тархацтай ургамлын нэг нь зэрлэг сонгино байсан. Гэтэл одоо үндсэндээ устсан. Хар борын элсэнд орших баруун зүүн Монгол уул орчимд зэрлэг сонгино зулаастай. Яг тарьсан мэт ургадаг байсныг зэргэлдээ сумдынхан өрсөлдөн түүсээр одоо зарим орчинд үзэгдэх төдий болсон гэдэг. Тэгэхээр өргөн хэрэглээтэй бусад ургамлыг ч ийм хар тавилан хүлээж байгааг бодоход харамсал төрдөг юм.

Арцыг мөчир, үрээр нь үржүүлэх боломжтой. Судлаач миний бие хонин арцыг үржүүлэх оролдлогыг хийж байсан. Тухайлбал Хэнтий аймгийн Хэрлэн баян Улааны Хөдөө арал, нийслэлийн Ар согоот, Төв аймгийн Жаргалант сумын Мэндийн үзүүр, Баянчандмань сум, Борнуур суманд Г.Пүрэвбат ламын Бүтээлийн сүм зэрэг газруудад арцыг мөчрөөр нь тарьж туршсан, үр дүнтэй байсан юм.


БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хот, тус улсын Бээжин, Нанчон зэрэг олон газар арцыг үржүүлж хот сууриныхаа чимэглэлд тарьсныг нүдээр үзэж, байгаль руугаа дайрах биш, үржүүлж олшруулж ашиглах боломжтойг харж байсан. Монгол  Улсын   хуульд   арцыг   хэрхэн   ямар   журмаар   түүж   ашиглахыг зөвшөөрсөн дүрэм,журам бий. Тиймээс иргэд, ялангуяа нутгийн иргэд хуулиа дээдэлж, байгаль-ээжээ хүндэтгэн, аливаа баялгийг хамгаалах, зохистой ашиглах. Ялангуяа өргөн хэрэглээтэй арц мэтийн ургамлыг түүж ашиглахаасаа илүүтэй, үржүүлж олшруулан ашиглах талаар их анхаармаар байна. Арц нь амьд байгалийг ариутгагч, монголчуудын шүтээн ургамал гэдгийг онцлон анхаараасай гэж хүсэх байна. 

Холбоотой мэдээ