Багшийнхаа алдрыг мөнхжүүлж танхим байгууллаа

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2020-05-23 12:19:34
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгаас төрөн гарсан олон мянган өв тэгш боловсролтой иргэдийн төгссөн Эрдмийн их өргөөнөө өчигдөр нэгэн эрхэм багшийн “Алдрын танхим”-ыг нээх ёслол боллоо.

Энэ эрхэм хүн бол Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, Боловсролын тэргүүний ажилтан, даамын спортын мастер, шатрын спортын дэд мастер Сампилын Таня агсан юм.

Алдрын танхимыг “Эрдмийн далай” цогцолбор сургуулийг 2005 онд төгссөн түүний шавь нар, хань, үр хүүхдүүд санаачлан “гавьяа”-тай багш, сайхан хань, сайн аавынхаа ажил үйлсийг үеийн үед таниулах, алдрыг нь мөнхжүүлэх зорилгоор байгуулжээ.

Энэхүү танхимд түүний түүхэн амьдрал, ажил үйлс, амжилт бүтээлтэй холбоотой түүх намтар, зураг, хүртсэн шагнал, одон медаль, эдэлж хэрэглэж байсан эд зүйлсийг байрлуулснаас гадна шатар, даамаар хичээллэх боломжийг бүрдүүлжээ. 

С.Таня 1979 онд Багшийн дээд сургууль төгсөн энэ л сургуультай ажил амьдралаа холбож, 39 жил багшилсан байна.

Тэрээр зөвхөн математикийн хичээлээр хүүхдийг хөгжүүлээд зогсохгүй шатар, даамны дугуйлан хичээллүүлж, Дундговь аймгийн олон мянган хүүхдийг оюуны спортоор хичээллэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан юм.



Түүний хань В.Оюунгэрэл “Хань маань энэ сургуульд 39 жил багшилсан. Төрөлхийн оюун ухаан төгөлдөр, шатар, даам, теннис, гар бөмбөгийн спортоор хичээллэдэг, лимбэ тоглодог олон талын авьяастай хүн байлаа. Зөвхөн хүүхдүүдийн математик сэтгэлгээг хөгжүүлээд зогсохгүй, шатар, даам тоглож сургадаг, оюуны өндөр чадамжтай хүүхдүүдийг бэлтгэн гаргадаг байсан юм.

“Багш сонгон”-ы ангийг хоёр удаа төгсгөж, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай анги байгуулж, математикийн стандартын олимпиадыг санаачлан зохион байгуулж, багш, сурагчиддаа IQ-гийн дугуйлан хичээллүүлдэг байсан” гэлээ.


“Эрдмийн далай” цогцолбор сургуулийн захирал Т.Туяамандах багшийгаа дурсаж “Багш маань 9-10 дугаар ангид надад хичээл орж байсан. Багш шигээ мундаг багш болохсон гэж би мөрөөддөг байлаа.

Би багш гэсэн энэ сайхан мэргэжлийг эзэмшиж, С.Таня багштайгаа 15 жил хамт ажиллалаа. Тэрээр дан ганц математикийн багш төдийгүй шатар, даам, дуу, хуур гээд авьяас нь цогцолсон хүн байжээ. Уртын дуу сайхан дуулдаг, лимбэ сайн тоглодог, шатар, даамд гаргууд, урлаг спортоор зөвхөн манай сургууль гэлтгүй, аймаг орон нутгийнхаа нэрийг гаргаж явсан тамирчин хүн байсан юм" гээд багшийн маань алдрыг мөнхжүүлж, шавь нар, гэр бүлийнхэн нь энэхүү танхимыг байгуулж, үеийн үед хүүхэд багачуудыг шатар даам тоглож сурах орчинг бүрдүүлж өгсөнд талархаж байна. Танхимын үйл ажиллагааг бид үргэлжлүүлэн нэр төртэй авч явах болно" гэлээ. 

“Оролдлого сайт оройд нь” хэмээн шавь нартаа захиж, сургадаг багшийн маань ажил үйлс, хөдөлмөрийн үнэ цэн түүний ажиллаж байсан сургууль дээр ийнхүү мөнхөрч, залуучууд, хүүхэд багачуудын оюуныг хөгжүүлэх гэсэн хүсэл мөрөөдөл нь үргэлжилж, Дундговийнхон “оюуны чадамж”-аараа үргэлж тэргүүлж явна гэдэгт итгэлтэй байна. 

Холбоотой мэдээ