Хандивын аянд дөрөвдүгээр сургуулийн хамт олон нэгдлээ

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2020-05-21 17:36:34

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Онцгой комиссоос өрнүүлж буй хандивын аянд Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулийн хамт олон нэгдлээ.


Төр, нийгмийн зүтгэлтэн Ц.Дашдорж агсны нэрэмжит тус сургуулийн хамт олон 1.085.000 /нэг сая, наян таван мянга/ төгрөгийн хандивыг сургуулийн захирал Ч.Сэндэрмаа, газарзүйн багш Б.Энхзаяа нар аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч, Онцгой комиссын дарга Ж.Ганбат, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ч.Жаргалсайхан нарт хүлээлгэн өглөө.

Дэлхий нийтэд аюул учруулж байгаа коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний хэрэгцээ, шаардлагыг үндэслэн аймгийн Онцгой комиссоос гуравдугаар сарын 10-ны өдрөөс уг хандивын аяныг албан ёсоор эхлүүлсэн юм. Өнгөрсөн сарын 10-ны байдлаар тус аймагт үйл ажиллагаагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллага, хувиараа хөдөлмөр эрхлэгчид гээд нийт 32 хандивлагч аянд нэгдсэн байна.


Холбоотой мэдээ