Б.Мөнхбат: Хорио цээрийн дэглэм удаан үргэлжилбэл олон бизнесийн байгууллага хаалгаа барихад ойрхон байна

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2020-05-21 17:45:37

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Коронавирусний халдвараас шалтгаалж улс орны хэмжээнд эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлууд үүсч, энэ нь худалдаа үйлчилгээний салбарт шууд нөлөөлж эхэлсэн. Ялангуяа орон нутгийн ЖДҮ, хувиараа бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх боломжгүй болоод байгаа юм. Үүнтэй холбоотойгоор бид Сүхбаатар аймгийн бизнес эрхлэгчдийн өнөөгийн нөхцөл байдлын талаар МҮХАҮТ-ын салбар танхимын дарга Б.Мөнхбатаас тодруулсан юм.


-Бизнесийн байгууллагууд тусгай горимоор ажиллаад багагүй хугацааг өнгөрөөлөө. Сүхбаатар аймгийн бизнес эрхлэгчдийн өнөөгийн нөхцөл байдал ямар байна вэ?

-Нөхцөл байдлын хувьд маш хүнд байна. Бизнесийн салбарынхан 50-70 хувийн орлогын бууралттай, улирлын чанартай ажилладаг зарим компани зогссон. Бизнесийн байгууллагууд дэлхий нийтээр үүсээд байгаа нөхцөл байдлыг хүндэтгэн, улс аймгийн онцгой комиссын шийдвэрийг чанд сахин биелүүлж байгаа, гэхдээ энэ байдал удаан үргэлжлэх юм бол хаалгаа барих байгууллага шил даран зогсож байна.

-Салбар танхимын зүгээс мэдээж тодорхой судалгааг хийсэн байх?

-Ер нь бол дээд, доод бүх түвшиндээ ажилгүйдлийн судалгааг маш ихээр хийж байна. Бид аль болох тооцоо судалгаатайгаар бизнес эрхлэгчид буюу ажил олгогчдынхоо бодит нөхцөл байдлыг ямар нэг элдэв хачиргүйгээр танилцуулж байгаа. Гэвч төр засаг орон нутагтаа тохирсон шийдвэр одоогийн байдлаар гаргаагүй байна. Энэ байдлаараа яваад байвал маш олон ААНБ-ын үйл ажиллагаа доголдож, иргэд нэмж ажилгүй болох нөхцөл үүсээд байна. Зөвхөн аймгийн хэмжээнд 30 орчим түрээслэгч лангуугаа татан буулгаж, ажлын байргүй болсон байна.

-Тэгвэл салбар танхимын зүгээс гишүүн байгууллагуудын эрх ашгийг хамгаалах чиглэлээр хэрхэн ажиллаж байна вэ?

-Саяхан бид үйл ажиллагаа нь бүрэн зогссон 21 ААН-ийн өнөөгийн нөхцөл байдлыг аймгийн удирдлагуудад тооцоо судалгаатай нь танилцуулсан. Эдгээр ААН-үүд нийт 3,4 тэрбум төгрөгийн бизнесийн маш өндөр хүүтэй зээлтэй байна. Мөн үйл ажиллагааг нь 100 хувь зогсоосон ч урсгал зардал буюу халаалт дулаан цахилгааны зардал нь гарсаар байна. Энэ нь ААН-үүдэд маш том хүндрэл болж байгаа юм. Монгол Улсын Засгийн газраас нийгмийн даатгал, ХАОАТ-ын гэх зэрэг хөнгөлөлтийн арга хэмжээг авч байгаа боловч энэ нь яг хөрсөн дээрээ ЖДҮ, бичил бизнес эрхлэгчдэд бодит дэмжлэг болж чадахгүй байгаа юм. Уг нь үйл ажиллагаа нь доголдож байгаа ААН-д ажилтны тоогоор 200 мянган төгрөгийг гурван сар олгоно гэж байсан боловч эцсийн шийдвэрээ гаргахдаа иргэн буюу ажилтан дээр нь гаргачихлаа. Гэтэл энэ хүнд нөхцөлд ажлын байраа хадгалж, ажилтнаа халахгүй өөрийн чадлаар үйл ажиллагаагаа арай гэж явуулж байгаа ААН-д ямар ч хамааралгүй болчихоод байгаа юм. Энэ бол орон нутгийн бизнес эрхлэгчдэд шууд хүндээр туссан шийдвэр байлаа.

-Орон нутгийн төр, засагтайгаа ойлголцож дэмжлэг авч чадаж байна уу?

-Орон нутгийн төр захиргааны байгууллагуудтай холбоотой ажиллаж нөхцөл байдлыг байнга мэдэгдэж байгаа. Ерөнхийдөө ойлголцож байгаа. Манай үе үеийн удирдлагууд бизнес эрхлэгчдэд тогтмол дэмжлэг туслалцаа үзүүлсээр ирсэн. Гэхдээ яг одоогийн энэ нөхцөл байдалд төрд ч мөн адил маш хүнд байх шиг байна. Бид ч яахав нөхцөл байдлаа тооцоо судалгаатай, цаг тухай бүрд нь танилцуулаад л байгаа. Дээр дурдсан 21 ААН-д яг одоо тулгараад байгаа халаалт дулааны асуудлыг шийдвэрлэж өгөх талаар хэлэлцүүлэг хийж, удирдлагуудад танилцуулсан. Энэ нь 21 ААН гэж байгаа боловч нийт 400 шахам иргэний ажлын байрны асуудал яригдаж байгаа юм. Одоо төр засаг маань нэг бодитой, үр дүнтэй шийдвэр гаргах байх гэж найдаж, хүлээж байна. ААН-ийн үйл ажиллагаа хэвийн явж байж төр татвараа бүрэн авч үйл ажиллагаа нь хэвийн явагддаг бол энэ хүнд үед төр захиргааны байгууллагууд тэвчиж болох зардлаа танан хэмнэлтийн горимд ажиллаж ААН-ийн үйл ажиллагаанд дарамт үзүүлэхгүй байх нь нэг талын дэмжлэг болно гэж ойлгож байгаа.

-Бизнесийн байгууллагын үйл ажиллагаа  ингэж доголдох нь танхимын үйл ажиллагаанд нөлөөлөх үү?

-Бизнесийн байгууллагын үйл ажиллагаа доголдох нь танхимын үйл ажиллагаанд шууд нөлөөлөх нь харьцангуй бага. Танхим нь бизнес эрхлэгчдийнхээ дуу хоолой болж, бизнесийн эрх зүйн орчин, тэдний эрх ашгийг хамгаалах үндсэн зарчмаараа л ажиллана. Аливаа юм хоёр талтай байдаг шүү дээ. Харин ч энэ үйл явдал бидний хувьд алдаа оноон дээрээ суралцсан, илүү туршлагажсан жил болж байна. Харамсалтай зүйл нь биний төлөвлөж байсан бизнес эрхлэгчдийг чадавхжуулах төсөл хөтөлбөрт сургалт болон гадаад, дотоодын үзэсгэлэн худалдаа, бизнес аялал, уулзалтууд бүрэн зогсоод байна.

-Хэдий нөхцөл байдал хүнд байгаа ч ААНБ-ууд үүргээ ухамсарлаж хандивын аян өрнүүлсэн байсан шүү дээ. Аймгийн онцгой комист та бүхэн хэрхэн дэмжлэг үзүүлэв?

-Тэгэлгүй яахав. Хойд хормойгоороо урд хормойгоо нөхөж байгаа хэдий ч манай ААН, иргэд, ТББ-ууд бидний уриалгыг дэмжиж, аймгийн онцгой комисст 10 гаруй сая төгрөг, мөн бусад хэрэгцээт бараа материалыг хандивлаад байна. Ер нь  ачааны хүндийг нуруундаа үүрдэг бизнес, худалдаа үйлчилгээний салбарынхан бүх зүйлд манлайлдаг гэж би боддог. Бид хүнд  хэцүү байна гээд зүгээр суугаагүй. Аюулт өвчнийг хамтдаа даван туулж, улс эх орон, аймаг орон нутаг маань урьдын адил амгалан тайван байдалдаа орохыг бүгд хүсч байгаа. Тийм ч учраас энэ хандивын аяныг богино хугацаанд маш амжилттай зохион байгуулж чадсан.

-Цаашид энэ тусгай горим үргэлжлэх магадлалтай. Тэгвэл байдал бүр л хүндэрнэ. Бодож төлөвлөсөн зүйл байна уу?

-Ер нь байдал нэгэнт хүндрэхээр боллоо. Мэдээж улс орон даяар ААН-үүд хэмнэлтийн горимд шилжээд байна. Цаашид цар тахлын энэ онцгой нөхцөл байдал удаан үргэлжлэхгүй байгаасай л гэж найдах үлдлээ . Мэдээж эдийн засаг сэргэж, бид урьдын адил хэвийн голдрилдоо орно. Тэр болтол ААН-үүд маань ажлаа маш сайн төлөвлөх нь чухал. Танхимын зүгээс ч үүнтэй холбоотойгоор үе шаттай хэрэгжүүлэх төлөвлөгөөг боловсруулан, мөн зарим төрлийн зөвлөмжүүдийг гарган ажиллаж байна.

Бид Сүхбаатар аймгийнхаа бизнесийн орчин, нөхцөл байдлаа арай эерэгээр харж байгаа. Сүхбаатар аймагт нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг нэн даруй гаргах хэрэгтэй. Зөвхөн дотооддоо үйлдвэрлэх бус гадагшаа хил дамнасан бизнесийн үйл ажиллагааг бий болгох хэрэгтэй байна. Бидэнд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн асар том зах зээл байна. Үүнийг бид ашиглах хэрэгтэй. Ингэхийн тулд бид төр засагтайгаа илүү ойр, маш сайн хамтарч ажиллах хэрэгтэй болоод байна. Гэхдээ энэ бүх ажлын эхлэл тавигдсан. Хөл хорио цуцлагдмагц хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн олон ажил бий.

-Ер нь танай салбар танхим хэчнээн гишүүн байгууллагатай вэ? Хамтын ажиллагааны талаар?

-Яг танхимын гишүүн 200-гаад хувиараа бизнес эрхлэгч иргэн, ААН байна. бизнесийн болоод төрийн байгууллагуудын хоорондын хамтын ажиллагаа сайн гэж хэлж болно. Энэ хамтын ажиллагааныхаа үр дүнг одоо л харуулах цаг ирсэн. Гол нь бид энэ нөхцөл байдлаас эрсдэл багатай гарах нь хамгийн чухал асуудал болоод байна.  

-Ярилцсанд баярлалаа. 

Холбоотой мэдээ