Уханьд зэрлэг амьтдын махыг хүнсэнд хэрэглэхийг хоригложээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2020-05-21 15:34:02

БЭЭЖИН. /RIA Novosti/. Коронавирусний халдвар анх дэгдсэн Хятадын Ухань хотын эрх баригчид зэрлэг амьтдын махыг хүнсэнд хэрэглэх, агнах, хууль бусаар тэжээх, худалдахыг хориглолоо гэж тус хотын захиргааны мэдэгдэлд дурджээ.


Энэхүү хоригт улсын тусгай хамгаалалттай төрөл зүйлийн жагсаалтад багтсан, эдийн засгийн болон шинжлэх ухааны ач холбогдолтой амьтдыг оруулаад хуурай газрын бүх амьтан хамаарна. Мөн хүний тэжээсэн зэрлэг амьтдад ч хамаатай аж. Харин шинжлэх ухааны судалгаа явуулах, популяцыг зохицуулах, гоц халдварт өвчний эх үүсвэрийг судлах, хянах ажлын хүрээнд тусгай зөвшөөрлийн дагуу агнахыг зөвшөөрнө.  Хэрэв ховор төрөл зүйлийг хамгаалах зорилгоор зэрлэг амьтдыг тэжээж үржүүлэх шаардлагатай болбол эрх бүхий байгууллагаас зохих зөвшөөрөл авах ёстой байна.


Өмнө нь олгосон бүх зөвшөөрлийг нэн даруй цуцалж, хүчингүй болгоно гэж мэдэгдэлд тэмдэглэжээ. Уханийн эрх баригчдын хориг таван жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд лхагва гаргаас хүчин төгөлдөр болсон байна.


 

Холбоотой мэдээ