Дархан хотыг 2020-2035 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний төслийг зөвшөөрлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2020-05-20 16:58:13

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит 16 дугаар хуралдаанаар 10 асуудал хэлэлцлээ.

Түүний дотроос анхаарал татсан нэг хэсэг нь Дархан хотын 2020-2035 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг танилцуулах асуудал байлаа. Тус хөгжлийн төлөвлөгөөний төслийг Монгол Улсын зөвлөх архитектор, гавьяат барилгачин Я.Шархүүгээр ахлуулсан үе үеийн шилдэг архитектор, инженер, зохиогчдоос бүрдсэн баг боловсруулсан бөгөөд төлөөлөл нь танилцуулж төлөөлөгчдийн 100 хувийн саналаар зөвшөөрлөө. ”Арт констракшн” ХХК-ийн боловсруулсан дөрөв дэх удаагийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төслийг ийнхүү аймгийн иргэдийн хурал дэмжсэнээр дараагийн шатанд буюу яам, засгийн газрын түвшинд хэлэлцэж батлах асуудал үлдэж байгаа аж.

Нийтдээ төлөвлөлтийн 5 бүсэд хувааж хөгжлийн гаргалгааг гаргасан байна. Тоймлон дурдвал хонгор сумын нутаг Цайдамын хөндийд нисэх онгоцны буудалтай болох, Ноён хонгор уулын орчимд эрчим хүчний найдвартай байдлыг хангах үүднээс дулааны эх үүсвэрийг барихаар төлөвлөжээ. Мөн хөнгөн, хүнд үйлдвэрийг хослуулж хөгжүүлэх, хуучин орхигдсон, хувьчлалаас үүдэн зогсонги байдалд орсон барилга, үйлдвэрүүдийг сэргээх, 2035 онд нийт хүн амын 48 хувь үйлдвэрлэл үйлчилгээний салбарт, 8 хувь нь шинжлэх ухааны салбарт, 2 хувь төрийн байгууллагад ажиллах, 42 хувь нь өндөр настан, хүүхдүүд байхаар төсөөлөл гаргажээ. Гамшгийн менежментийн тухайд 13 байрлалд зарлан мэдээлэх төхөөрөмж байгуулах, ОБГ-ын одоогийн байгаа хоёр нэгжийг тав болгож өсгөх, авто замын тухайд олон улсын транзит тээврийг Дархан хотоор дамжин өнгөрүүлэхгүй байх үүднээс Ширээ нуруу орчимд дэд бүцтийг байгуулахаар тусгасан зэрэг салбар бүрт хөгжлийг тооцоолж, 5 бүсээр хөгжүүлэхээр ерөнхий төлөвлөгөөний төсөлд тусгажээ. Хөрөнгө оруулалтын тухайд нийт 5 их наяд төгрөгийн санхүүжилтээр хийх аж.  

Дархан хотын ерөнхий төлөвлөгөөг 1960, 1985, 2000 онд гурван удаа шинэчлэн баталж байсан бөгөөд цаг үеэ даган дахин төлөвлөлт хийх шаардлага үүссэн. Зөвхөн аймгийн ИТХ төдийгүй Дархан сумын ИТХ, багийн дарга, ИНХ-ын дарга, иргэдийн саналыг шинэчилсэн байдлаар тусгасан байна. Хот төлөвлөлтийн ерөнхий баримт бичгийг 15-20 жилийн хугацаатай хийдэг ажээ.

Ташрамд, аймгийн ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит 16 дугаар хуралдаан гурван байршлаас цахим хэлбэрээр болсон юм.

Холбоотой мэдээ