Г.Сугарбат: Олон нийтийн газар амны хаалт зүүгээгүй иргэнд арга хэмжээ авна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УОК-ын Шуурхай штабаас хийсэн ээлжит мэдээллийн үеэр МХЕГ-аас иргэдэд анхааруулга хүргэв.
Тодруулбал, иргэдийн амны хаалт зүүх байдал, ААН, байгууллагуудын өдөр тутмын ариутгал, халдваргүйжүүлэлт суларсан нь эрсдэл дагуулж байгааг онцоллоо.
МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат: "5 дугаар сарын 16-нд МХЕГ-аас 7 дүүрэгт хийсэн хяналт шалгалтаар олон нийтийн газар амны хаалт зүүгээгүй 3110 зөрчил илэрсэн. Тэдэнд амны хаалт зүүх шаардлага тавиад өнгөрсөн ч дараагийн удаа арга хэмжээ авна. Мөн өдөр хийсэн шалгалтаар 514 ААН тогтмол ариутгалт хийж, 1189 ААН энэ ажилд хойрго хандаж байгааг илрүүлсэн. Зуны дэлгэр цаг болж байгаатай холбогдуулаад иргэдийн амны хаалт зүүх, хоорондоо тодорхой зай баримтлах, гараа ариутгах зэрэг мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг мөрдөх байдал эрс суларлаа. Эрсдэл бага байх үед иргэд, ААН-үүд харьцангуй хариуцлагатай байсан ч одоо өөрөөс хамаарах урьдчилан сэргийлэлтээ улам сайжруулахыг анхааруулж байна" гэлээ.
Түүнчлэн иргэдийг гар дээрээс худалдаа хийхгүй байх, хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа хадгалалтын хугацаа, горимыг сайтар шалгаж байхыг МХЕГ-аас анхааруулж байна. Энэ сарын 16-нд Дорнод аймагт зургаан том хүн, нэг хүүхэд хүнсний бүтээгдэхүүнд хордсон тохиолдол гарчээ. Тиймээс цар тахалтай үед эмнэлгийн байгууллагад ачаалал үүсгэхгүй байхад иргэдийн оролцоо чухал байгааг тэмдэглэсэн юм.