Хөлөнбуйр сумын төсвийн байгууллагуудыг инженерийн нэгдсэн сүлжээнд холбоно

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2020-05-14 18:59:58

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын төсвийн байгууллагуудыг инженерийн шугам сүлжээнд холбох концессийг зарлалаа. Энэ ажлыг гүйцэтгэх ААН шалгарвал эхлэх бэлтгэлийг бүрэн хангасан гэж тус сумаас мэдээлэв. Түүнчлэн Цагаан-Овоо, Чулуунхороот сумын төсвийн байгууллагуудыг инженерийн шугам сүлжээнд холбохоор төлөвлөөд байгаа аж.

Хөлөнбуйр сумын иргэдийн амьжиргааны гол эх үүсвэр нь болдог “123-ын хоолны газарт өнгөрсөн онд боловсон ариун цэврийн байгууламжийг 100 сая төгрөгөөр барьж байгуулсан. Харин энэ онд 300 сая төгрөгөөр ачааны болон суудлын авто машин, автобусны зогсоол, ногоон байгууламж, бохирын нэгдсэн шугам сүлжээнд холбох зэрэг ажлыг үе шаттай хийхээр төлөвлөжээ.

Ирээдүйд хил дамнасан аялал жуулчлалыг хөгжүүлэхээр зорьж буй Дорнод аймгийн хувьд Хөлөнбуйр сум зочдыг угтах үүд нь гэхэд болно. Тиймээс тус суманд үе шаттай тохижилтын ажлыг өрнүүлэхийн тулд аймаг бие дааж, төсвийн болон ОНХС-гийн хөрөнгөөр нэг тэрбум төгрөгийг баталснаар дээр дурдсан томоохон ажлуудыг өрнүүлэх боломж бүрдэж байгаа юм. Мөн сумдын төрийн алба хаагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулснаар хөдөөг зорих боловсон хүчний тоо нэмэгдэх давуу талтай.

Холбоотой мэдээ