Их Британид 100 орчим хүүхдэд ховор шинж тэмдэг илэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2020-05-14 11:52:13

ЛОНДОН. /BBC/. Их Британид коронавирустэй холбоотой байж болзошгүй хурц үрэвслийн шинж тэмдэг 100 орчим хүүхдэд илэрсэн гэж тус улсын эмч нар мэдээлжээ.


Зарим хүүхэд эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлэх шаардлага үүссэн бол зарим нь хурдан эдгэрчээ. Гэсэн хэдий ч ийм тохиолдлууд маш ховор илэрснийг мэргэжилтнүүд онцолсон байна.


Хүүхдүүдэд ховор бөгөөд аюултай өвчний шинж тэмдгүүд илэрч байгааг судлах хэрэгтэй гэж Их Британийн Үндэсний эрүүл мэндийн газрын эмч нарт өнгөрсөн дөрөвдүгээр сард анхааруулсан юм.


Тухайн үед Лондон хотод найман хүүхдэд эдгээр шинж тэмдэг илэрч, 14 настай хүүхэд нас баржээ. Эмч нарын мэдээлснээр, найман хүүхдэд бүгдэд нь ижил шинж тэмдэг илэрсэн бөгөөд тэднийг “Evelina” хүүхдийн эмнэлэгт хүргэжээ. Тэд өндөр халуурч, туурч, нүд нь улайж, хавагнасан байна.


Хүүхдүүдийн дийлэнхэд уушги, амьсгалын замын өвчний шинж тэмдэг илрээгүй хэдий ч долоогийнх нь зүрхний үйл ажиллагаа, цусны эргэлтийг дэмжихийн тулд хиймэл амьсгалын аппаратад оруулжээ.


Эмч нарын тайлбарлаж буйгаар, шинэ эмгэг нь тав хүртэлх насны хүүхдүүдэд зонхилон тохиолддог Кавасаки өвчинтэй төстэй байгаа ажээ. Энэ өвчний үед туурах, хүзүүний булчирхай хавдах, уруул хуурайшин хагарах шинж тэмдэг илэрдэг байна.


Харин шинэ өвчнөөр 16 хүртэлх насны хүүхдүүд өвчилж байгаа хэдий ч цөөн хувийнх нь биеийн байдал хүндэрч байгаа гэнэ. Лондоны Хааны коллежийн хүүхдийн халдварт өвчин, дархлаа судлалын багш, доктор Лиз Уиттакерийн мэдээлснээр, цар тахал дэгдсэн үед энэ өвчин дэлгэрснээс үзэхэд хоорондоо холбоотой байх магадлалтай ажээ.


“COVID-19” халдварын оргил үе дууссанаас 3-4 долоо хоногийн дараа энэ эмгэгийн оргил үе эхэлж байгаагаас үзэхэд халдварын дараах өвчин гэж үзэхэд хүргэж байна. Энэ нь халдварын эсрэг биет үүсэх үйл явцтай холбоотой байж магадгүй гэсэн үг юм гэж Л.Уиттакер ярьсан байна. 

Холбоотой мэдээ