Монголын үндэсний олимпын хорооны ээлжит хэлэлцүүлэг болно

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2020-05-13 14:46:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ноос зохион байгуулж буй цуврал хэлэлцүүлэг энэ удаа “СOVID-19” халдварын дараах Монгол Улсын биеийн тамир, спортын болон олимпын хөдөлгөөний ерөнхий өнгө, төрх ба хүлээгдэж буй нөхцөл, байдал” сэдвийн хүрээнд өрнөх юм.


Өнөөдөр 19 цагт болох уг хэлэлцүүлгээр Монголын үндэсний олимпын академийн ерөнхийлөгч, доктор (Ph.D), профессор Ч.Зоригтбаатар мэдээлэл хийж хэлэлцүүлнэ. Хэлэлцүүлгийн санал, дүгнэлт хүсэлт, шийдлүүдийн талаар нэгдсэн баримт бичгийн төслийг боловсруулан холбогдох байгууллагуудад хүргэж, МҮОХ-ны албан ёсны цахим хуудаснаа нийтлэх юм байна.


“СOVID-19” цар тахлын хор, уршиг дэлхийн дахины эдийн засаг, нийгэм, эрүүл мэнд, боловсрол, соёл, биеийн тамир, спорт, олимпын хөдөлгөөн зэрэг бүхий л салбарт нөлөөлж, улс орнуудад тархалтын идэвхжил буурах, нэмэгдэх нь өдөр бүр өөрчлөгдөж байна. Монгол улсын хувьд ч эрсдэл өндөртэй орноор тооцогдон, өндөржүүлсэн бэлэн байдалд 4 сар гаруй болоод байгаа юм.


Энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж, МҮОХ-ноос Биеийн тамир, спорт ба олимпын хөдөлгөөнд учирч буй хүндрэл, бэрхшээл, цаашдын хөгжлийн чиг хандлага, өөрчлөлт, өнгө төрх, нөхцөл байдлыг тодорхойлох зорилгоор мэргэжлийн байгууллагууд, спортын холбоод, биеийн тамир, спорт, олимпын зүтгэлтэн, эрдэмтэн судлаачид, багш, дасгалжуулагчид, тамирчид болон спорт сонирхогчдын дунд дахь цахим хэлэлцүүлгийг долоо хоног бүрийн мягмар гарагийн 19 цагт зохиож байна.


Дараагийн ээлжит цуврал хэлэлцүүлгээр биеийн тамир, спортын тулгамдсан асуудлууд, олимпын хөдөлгөөн, олимпын наадам, олимпын соёл, боловсролын сэдвүүдээр хуваан задалж, тодорхой бодлого, чиглэл, үйл ажиллагаа, арга зам, гарц, шийдлүүдийг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Холбоотой мэдээ