Монгол эрдэмтэн “Western Washington” их сургуульд багшилж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-05-05 14:43:05

ВАШИНГТОН. /Westerntoday/. “Western Washington” /WWU/ их сургуулийн Салбар хоорондын солилцооны хөтөлбөрийн хүрээнд Зүүн Азийн судалгааны хүрээлэнгийн хамт олон Монгол Улсын их сургуулийн /МУИС/ багш Т.Эрдэнэ-Очирыг хүлээн авлаа.

Т.Эрдэнэ-Очир Монгол болон Өвөр Азийн судалгааны хүндэт багш Генри Г. Шварцын оронд 2016 оны хаврын семестрт монгол хэл, соёлын хичээл заахаар томилогдсон байна.

“WWU” их сургуулийн Олон улсын оролцооны хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Вики Хамблин тус сургуулийн гадаад түншүүд, тэдний дотор МУИС-аас ирж байгаа багш, оюутнуудтай хамтран ажиллахад дэмжлэг үзүүлдэг юм.

Үүнтэй холбоотой зардлыг багш нарын амьжиргааны зардал болон хичээлд шаардлагатай зүйлсээр хангах үүрэг бүхий “WWU” их сургуулийн сангаас гаргадаг ажээ.

“WWU” их сургуульд Зүүн Азийн судалгааны профессороор ажиллаж байсан Шварц хандив өргөснөөр энэхүү лекцийг унших боломж бүрдлээ. Хөтөлбөрийг дэмжсээр ирсэн профессорууд, тэдний дотор Т.Эрдэнэ-Очир нь “WWU” их сургуульд гурван сарын турш лекц уншиж, МУИС-д өөрийн эзэмшсэн сургалтын арга барилаа энд хэрэгжүүлэх боломжтой болж байна.

“Профессор Шварц болон Жон С.Стрит нарын хандиваар багш нарын солилцооны хөтөлбөр, Вилсон номын сангийн Монгол номын цуглуулга, оюутны тэтгэлэг, аялал болон Олон улсын сургалтыг Монголд явуулах хөтөлбөрийг дэмжин санхүүжүүлнэ” гэж Хамблин мэдэгджээ.

“WWU” их сургууль өнгөрсөн намар МУИС-тай холбоо тогтоож, Т.Эрдэнэ-Очирыг багшаар  ажиллахыг урьсан байна.

“Энэ сургуульд багшлахаар сонгогдсон өдөр бол миний хувьд мартагдашгүй мөч. Тухайн үед намайг хичээл зааж байхад утас дуугарч эхэлсэн. Утсаа авахад, манай сургуулийн Гадаад харилцааны газраас залгаж, “WWU” их сургуульд багшлах болсныг дуулгасан. Би буцаж анги руугаа ороод АНУ явах болсноо оюутнууддаа хэлсэн” гэж Т.Эрдэнэ-Очир ярьж байна.

Т.Эрдэнэ-Очир бол олон улсын оюутнуудад хичээл заах талаар долоон жилийн туршлага хуримтлуулсан багш хүн бөгөөд тэрбээр гадаадын оюутнуудад хичээл заахыг хүсдэг байжээ. Хувиараа багшилж ажлын гараагаа эхэлж улмаар их сургуулийн багш болсон тэрбээр олон үндэстний оюутнуудтай хэрхэн харилцах талаар ихээхэн туршлага хуримтлуулсан нэгэн юм.

“WWU” их сургуульд багшилж эхэлсэн эхний хэдэн долоо хоногт л түүнд сургалтын орчин ихэд таалагдсан байна.

“Оюутнууд нь маш идэвхтэй, суръя гэсэн их хүсэл эрмэлзэлтэй юм. Сургалтын танхимын зохион байгуулалт нь суралцаж буй хүмүүсийнхээ төлөө чиглэжээ. Үүнийг л Монголд нэвтрүүлмээр байгаа юм. Энэ бол маш үнэ цэнэтэй туршлага, энэ талаар би МУИС-ын багш нартаа ярьж өгөхийг тэсэн ядан хүлээж байна" гэж Т.Эрдэнэ-Очир ярилаа.

Тэрбээр Монголдоо буцаж очоод “WWU” их сургуулийн Олон улсын сургалтыг үргэлжлүүлэн явуулахаар төлөвлөж байгаа аж.

Монголын олон эрдэмтэн багш нар “WWU” их сургууль болон энд хэрэгжиж буй Монголын хөтөлбөрийн талаар мэддэг боловч ихэнх нь Вилсон номын сангийн монгол номын цуглуулга болон бусад эх сурвалжуудын талаар мэддэггүй гэж Т.Эрдэнэ-Очир ярилаа.

Д.Нямтулга

 

 

 

 

 

Холбоотой мэдээ