ОХУ-д түймрийн аюултай улирал эхэлжээ

Дэлхийд | Нийгэм
sarnai@montsame.mn
2016-05-05 13:46:26

МОСКВА. /ТАSS/. ОХУ-ын нутаг дэвсгэрт 5,9 мянган га талбайг хамарсан 45 ойн түймэр асч байна гэж тус улсын Ойг хамгаалах агаарын хүчний албаны /ФБУ "Авиалесоохрана"/ хэвлэлийн төлөөлөгч өнөөдөр мэдээллээ.

Нийтэд нь авч үзвэл, тус улсын засаг захиргааны 77 субъектэд түймрийн аюултай улирал эхэлжээ.

Тухайлбал, Амур мужид 3,9 мянган га, Буриадад 1,4 мянган га талбайг хамарсан түймэр асч байгаа нь хамгийн их тархалттайд тооцогдож байна. Ойн түймэр улам тархах эрсдэл бүхий эдгээр бүс нутгууд руу байдлыг тогтворжуулах зорилгоор 63 шүхэрч-гал сөнөөгчдийг илгээжээ.

Ойн түймэр бусад бүс нутгууд тухайлбал, Байгалийн чанадын хязгаар, Красноярскийн хязгаар, Томск, Свердловск, Вологодск, Амур мужууд болон Тувад дэгдсэн байна. Гал түймрээс сэргийлэх онцгой байдлын дэглэмийг тус улсын засаг захиргааны 35 субъектэд тогтоожээ.  

Х.Сарнай

 

Холбоотой мэдээ