Н.Батсүмбэрэл: Нийгмийн халдварт өвчин, цар тахлын үед ажиллахад суралцлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-05-07 19:17:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "COVID-19"-ийн халдварт цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ" дадлага сургуулийн хүрээнд өнөөдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт өглөөний 08.00 цагт тогтоосон бүрэн хөл хориог 18.00 цагт цуцалж хөдөлгөөнийг нээлээ. Үйл ажиллагааны талаар дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэлээс тодруулав. 

-Хөл хорионы байдал хэрхэн өнгөрөв?

-Монгол Улсын Шадар сайдын 2020 оны 33-р тушаалын дагуу "COVID-19"-ийн халдварт цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ" дадлага сургууль өнөөдөр 2 дахь өдрөө үргэлжилж манай дүүргийн нутаг дэвсгэрт бүрэн хөл хорио тогтоосон. Бид Гамшгаас хамгаалах хуулийн дагуу бүх нийтийн бэлэн байдлын  зэрэглэлийн нөхцөлд түр хугацаанд шилжин ажиллаллаа. Хөл хорио хэвийн явагдлаа. 

Дүүргийн иргэд, албан байгууллага, ААН-ийнхэн нөхцөл байдлыг ойлгож, онцгой байдлын хөл хориог сахин хэрэгжүүлж, дэмжин хамтран ажилласанд талархаж байна. Энд дотоодын цэргийн алба хаагчид, цагдаагийн бие бүрэлдэхүүн хэв журмыг сахиулан ажилласан. 


-Өнөөдрийн хөл хорио "COVID-19"-ийн халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэхдээ ийм нөхцөл байдалд ажиллахад авч буй сургамж юу байв? Ямар нэг зөрчил гарав уу. Тулгарсан зүйл юу байв?

-Ер нь байдал цаашид хүндрэх юм бид зөвхөн нэг дүүрэг гэлтгүй, нийслэл Улаанбаатар хотыг ингэж бүхэлд нь хааж ажиллана. Улсын хэмжээнд гарч болзошгүй эрсдлүүдэд ямар арга хэмжээ авч ажиллах гэсэн төлөвлөгөөг боловсруулан гаргаж ажиллаллаа. Штабын хувьд цагийн байдлаар даалгавар аван ажилласан. 


Энэ удаагий хөл хорио тогтоосон нь манай улсад нийгмийн халдварт өвчин, цар тахал гарлаа гэхэд ийм үед хэрхэн ажиллах тал дээр хийж буй анхны дадлага сургууль юм. Тиймээс энэ үеэр олон асуудалтай нүүр тулж байна. 


Монгол Улсын хувьд гал түймэр, үер усны аюул газар хөдлөлтийн чиглэлээр дадлага сургуулийг удаа дараа хийж ирсэн. Гарч болзошгүй аюулууд дээр шийдлийг бэлдсэн, бэлэн төлөвлөгөөний загвар өмнө нь гаргасан. Харин энэ удаагий хөл хорио тогтоосон нь манай улсад нийгмийн халдварт өвчин, цар тахал гарлаа гэхэд ийм үед хэрхэн ажиллах тал дээр хийж буй анхны дадлага сургууль юм. Тиймээс энэ үеэр олон асуудалтай нүүр тулж байна. Тэдгээрийг хэрхэн шийдэхийг сурч байна. 

-Жишээ нь, ямар асуудалтай тулгарав?

-Тухайлбал, хөл хорионы үед халдварт өвчинг хэрхэн таслан зогсоох, эмнэлгийн болон нийгмийн бусад тусламж үйлчилгээг хэрхэн явуулах, хүнсний асуудлыг хэрхэн шийдэх, ундны уснаас аваад үйлчилгээг хэрхэн явуулж хүртээмжтэй хүргэх зэрэг олон асуудлыг судлаж, зохион байгуулан ажиллаллаа. Нэгдсэн байдлыг маргааш тайлан маягаар гаргаж дүгнэнэ. 




Б.Болд

Гэрэл зургийг Б.Чадраабал


Холбоотой мэдээ