Хөдөлмөрчдийн баяраар Хятадын дотоодын аялал жуулчлалын орлого 47.56 тэрбум юаньд хүрэв

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2020-05-06 18:07:35

Бээжин /МОНЦАМЭ/. Хятад улс даяар 5-р сарын 1 буюу Хөдөлмөрчдийн баярын өдрийг тохиолдуулан энэ жилийн хувьд,  бүх нийтийн тав хоногийн амралтын өдөр тохиолоо.

Эдгээр амралтын өдрүүдэд дотоодын аялал жуулчлалын салбарт сэргэлт болохуйц үйл явдал болсон гэж хэлж болох юм. Учир нь дэлхий даяар тархаад буй COVID-19 шинэ төрлийн коронавирусний улмаас хамгийн ихээр хохирол амсаж буй салбар нь аялал жуулчлал, үйлчилгээ, нийтийн хоолны салбар болоод байгаа юм.

Тэгвэл “5-р сарын 1-нээс 5-ны өдрийн хооронд Хятад улс даяарх дотоодын аялагчдын тоо нийт 115 саяд /давхардсан тоогоор/, нийт орлогын хэмжээ 47.56 тэрбум юаньд хүрчээ. Аялагчид голдуу хөдөө орон нутгийн аялал, ойрын зайн аялал хийсэн” талаар тус улсын Соёл, аялал жуулчлалын яамны мэдээлэлд дурджээ.

Улмаар энэ оны Хөдөлмөрчдийн баярын амралтын өдрүүдээр Хятад улсын аяллын нийт орлого өнгөрсөн оны мөн үеэс 60 орчим хувиар буурсан байна.

Өнгөрсөн онд 5-р сарын 1-ний амралтаар Хятад улс даяарх дотоодын аялагчдын тоо 195 саяд /давхардсан тоогоор/ хүрч өмнөх оноос 13.7 хувиар, нийт орлого 117.67 тэрбум юаньд хүрч 16.1 хувиар тус тус өсжээ.  

Холбоотой мэдээ