Шумуулыг хумхаагийн халдвараас хамгаалдаг нян олж илрүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2020-05-05 15:31:48

ЛОНДОН. /BBC/. Эрдэмтэд шумуулыг хумхаа өвчний халдвараас хамгаалдаг нян олж илрүүлжээ. Кени болон Их Британийн эрдэмтдийн мэдэгдэж байгаагаар, тэдний нээлт нь халдвар авсан шумуулаар дамжин халдварладаг энэ өвчнийг хянах маш том боломж юм.


Хумхаа өвчний халдвараас урьдчилан сэргийлдэг уг бичил биетнийг “Microsporidia MB” гэж нэрлэжээ. Эрдэмтэд энэхүү нянг Кенийн Виктория нуурын орчимд эрдэм шинжилгээний судалгаа хийх үеэрээ олж илрүүлсэн байна. “Халдварыг 100 хувь блоколж буйг мэдээлэл харуулж байгаа. Энэ бол хумхаагаас хамгаалах маш хүчтэй хамгаалалт юм” гэж Кенийн эрдэмтэн Жереми Херрен ярьжээ.


Жил бүр 400 мянга гаруй хүн хумхаа өвчнөөр нас бардаг бөгөөд ихэнх нь Африкийн орнуудын тав хүртэлх насны хүүхдүүд байдаг аж. Хүмүүсийн дунд өвчлөлийг эрс бууруулахын тулд бүс нутаг дахь шумуулуудын 40 хувь нь энэ нянгийн халдвар авсан байх ёстой гэж эрдэмтэд үзэж байна.


Холбоотой мэдээ