Ким Жөн Уныг Ялалтын ойн баярын медалиар шагнажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-05-05 15:14:15

ПЁНЬЯН. /TASS/. БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Уныг 1945 онд амь үрэгдсэн зөвлөлтийн цэргүүдийн дурсгалыг мөнхжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулсных нь төлөө Ялалтын баярын 75 жилийн ойн медалиар шагнасан тухай БНАСАУ дахь ОХУ-ын Элчин сайдын яам мэдэгджээ.


“ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар БНАСАУ-ын нутаг дэвсгэрт амь үрэгдсэн зөвлөлтийн иргэдийн дурсгалыг мөнхжүүлэх, зөвлөлийн цэргүүдийн хөшөө дурсгал, булшыг хөндөхгүй, хэвээр нь үлдээхэд томоохон хувь нэмрээ оруулсных нь төлөө БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Уныг Аугаа Эх орны дайнд ялсны 75 жилийн ойн медалиар шагналаа” гэж ОХУ-ын Дипломат төлөөлөгчийн газрын мэдэгдэлд дурдсан байна.


Медалийг ОХУ-ын Элчин сайд Александр Мацегора БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ли Сон Гвонд Пёньян дахь Мансудэ их хурлын ордонд гардуулжээ. Шагнал гардуулах ёслолын дараа өнгөрсөн оны 4 дүгээр сард Владивосток хотод хоёр улсын удирдагчдын хүрсэн тохиролцоог тууштай хэрэгжүүлэхэд хүчин чармайлт тавихыг зорьж байгаагаа талууд батлан мэдэгдсэн байна.


1945 онд Солонгосыг чөлөөлөх байлдаанд зөвлөлтийн 4.7 мянга гаруй цэрэг амь үрэгджээ. Японы түрэмгийллээс Солонгосын чөлөөлөх байлдаанд амь үрэгдсэн зөвлөлтийн цэргүүдийн хөшөө дурсгал болох Чөлөөлөлтийн хөшөө нь БНАСАУ-ын нийслэл хотын төв Моранбон толгодод байрладаг аж.  

Холбоотой мэдээ