Архангай аймагт олон нийтийн арга хэмжээ явуулахгүй байх хугацааг сунгав

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2020-05-05 15:17:48

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Онцгой комисс энэ сарын 04-ний өдөр хуралдлаа. Энэ хуралдаанаас бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай аймгийн Засаг даргын 280 дугаар захирамж гарсан.

Захирамжид дэлхий дахинд Ковид-19 цар тахлын халдвар нэмэгдэж, Засгийн газрын тогтоолоор өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг сунгасантай холбогдуулан аймгийн хэмжээнд олон нийтийг хамарсан арга хэмжээ, спорт, урлагийн уралдаан тэмцээн, хурал зөвлөгөөн, интернэт тоглоом, баар, караоке, хурдан морины уралдаан, сүм хийдийн үйл ажиллагааг хориглосныг 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд сунгалаа. Мөн энэ хугацаанд аймгийн хэмжээнд архи согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэх цагийн хуваарийг 10:00-17:00 цаг байхаар тогтоов.

Энэ захирамжаар аймгийн Биеийн тамир, спортын газрын спорт заалны үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэмийн дагуу 09:00-20:00 цаг хүртэлх хугацаанд ажиллуулахаар боллоо. Өөрөөр хэлбэл, нэг удаа тоглуулахад 12-15 хүнийг халдваргүйтгэж, чийгтэй цэвэрлэгээг 2 цаг тутамд хийж, агааржуулалтыг маш сайн хийж, тоглолт хооронд завсарлагаатай байх зэрэг шаардлагуудыг тавьж ажиллах юм. ЭМГ-аас ч БТСГ-т үйлчилгээний байгууллагын мөрдөх ёстой зөвлөмжийг хүргүүлж, хяналт тавин ажиллах юм. 

Холбоотой мэдээ