МХЕГ: ЭМЯ-ны зөвлөмжийг дагаж мөрдөөгүй сургалтын төвийн ажлыг зогсооно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-05-05 12:53:00
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УОК-ын өчигдрийн хуралдаанаар сургалтын төвүүдийг нээх асуудлыг хэлэлцсэн бөгөөд маргааш буюу энэ сарын 6-нд Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэнэ гэдгийг МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат УОК-ын Шуурхай штабаас хийсэн мэдээллийн үеэр тэмдэглэв.   


Тэрбээр, "Сургалтын төвүүдийн үйл ажиллагааг зогсоосноос хойш багагүй хугацаа өнгөрсөн. Тиймээс анги танхимыг цэвэрлэж, тусгай зөвшөөрөлтэй компаниар ариутгал халдваргүйжүүлэлт хийлгэсний дараа үйл ажиллагаагаа эхлүүлэх анхан шатны бэлтгэл хангагдсан гэж үзнэ. Үйл ажиллагаагаа эхлүүлж буй сургалтын төвүүд ЭМЯ, ОБЕГ, МХЕГ-ын цахим хуудсанд байгаа зөвлөмжийг сахиж мөрдөнө. Мөн багш нартаа зөвлөмжийг танилцуулах, сургалтад хамрагдаж байгаа хүнээ сайтар бүртгэхийг хүсэж байна.


Эхний ээлжинд суралцагч хоорондын зай 1.5 метр, 10 хүртэлх хүнтэй, богино цагаар хичээллэх сургалтын газруудыг ажиллаж эхлэхийг зөвшөөрч байгаа" гэв.


МХЕГ-аас сургалтын төвүүдэд хяналт шалгалт хийх бөгөөд зөвлөмжийг дагаж мөрдөөгүй, зохих бэлтгэлийг хангаагүй тохиолдолд үйл ажиллагааг нь зогсоох арга хэмжээ авна гэдгийг анхаарууллаа.



Холбоотой мэдээ