СЕХ-ноос сонгуульд оролцох нам, эвслүүдэд батламж гардууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-05-01 18:29:07
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд оролцохоор бүртгүүлсэн 15 нам, 4 эвсэлд Сонгуулийн ерөнхий хорооноос батламж гардуулж дууслаа. 


Хуваарийн дагуу өчигдөр Эх Орончдын Нэгдсэн нам, Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч нам, Их Эв нам, Зон Олны нам, Дэлхийн Монголчууд нам, Ардчилсан нам, Ард Түмнээ Хайрлая нам, Ард Түмний нам, Хөгжлийн Хөтөлбөр нам болон Монгол Ардын Хувьсгалт нам, Иргэний Зориг Ногоон нам, Монголын Уламжлалын Нэгдсэн намын “Та бидний эвсэл”, Монгол Консерватив нам, Монголын Хүний Төлөө намын “Сахигтун! Үндсэн хуулийн 19” эвсэлд батламж гардуулсан. 



Тэгвэл өнөөдөр "Зөв хүн электорат эвсэл", Монголын ногоон нам, Ардчилал шинэчлэлийн нам, Эх орон нам, Монгол ардын нам, "ШИНЭ" эвсэл, Ард түмний олонхын засаглал нам, Гэр хороолол хөгжлийн нам батламжаа СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнгээс гардан авлаа.



УИХ-аас ноднин 12 дугаар сарын 23-нд баталсан Сонгуулийн тухай хуульд заасны дагуу дээрх нам, эвслүүд нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 45 хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгана. Ингэхдээ, тухайн нэр дэвшигчид хуульд заасан нийтлэг шаардлагаас гадна, банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүх болон арбитрын шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа болон батлан даалтын өр төлбөргүй байх, татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх, аль нэг компанийн 51, түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өргүй байх зэрэг шаардлага тавих юм. 



Нам, эвсэл сонгуульд дээд тал нь 76 хүнийг, тухайн тойрогт нь ногдсон мандатаас илүүгүйгээр тус тус нэр дэвшүүлэх бөгөөд 20-иос доошгүй хувь нь аль нэг хүйсийнх байх ёстой. Харин нэр дэвшигчдээ тодруулахдаа тухайн намын Их хурал, эсхүл төлөөллийн төв байгууллагын хуралдаанаар хэлэлцэж, нууцаар санал хурааж, олонхын саналаар шийдвэрлэнэ гэж хуульд заажээ. 

Холбоотой мэдээ