Зарим элчин сайдыг томилох асуудлаар саналаа нэгтгэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-04-29 16:16:21
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар, зарим элчин сайдыг эгүүлэн татах, томилох саналаа нэгтгэлээ.


Тодруулбал, Дипломат албаны тухай хуулийн дагуу томилсон хугацаа нь дууссан тул Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дамбын Ганхуягийг эгүүлэн татаж, Түвшингийн Бадралыг томилох, мөн Намсрайн Эрдэнэтуяаг Монгол Улсаас БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилох саналыг Гадаад харилцааны яамнаас танилцуулсан. Засгийн газрын гишүүд дээрх асуудлыг хэлэлцэн дэмжиж, энэ тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтов.


Н.Эрдэнэтуяа нь1970 онд Улаанбаатар хотод төрсөн. БНАСАУ-ын Ким Ир Сений их сургууль, ХУИС-ыг төгссөн. Солонгос орон, хэл судлаач мэргэжилтэй, орон судлалын магистр зэрэгтэй, Шадар дипломат цолтой, англи, орос хэлний мэдлэгтэй. 1993-1996 онд ҮХЯ-нд мэргэжилтэн, 1996-1998 онд ГХЯ-нд мэргэжилтнээр ажиллаж байв. 1998-2004 онд Сөүл дэх Элчин сайдын яаманд атташе, ГХЯ-ны Азийн газарт 2004-2007 онд гурав, хоёрдугаар нарийн бичгийн дарга, 2010-2012 онд нэгдүгээр нарийн бичгийн дарга, Сөүл дэх Элчин сайдын яаманд 2007-2010, 2012-2015 онд тус тус хоёр, нэгдүгээр нарийн бичгийн даргаар болон зөвлөхөөр ажиллаж байжээ.  2018 оны 8 дугаар сараас эхлэн БНСУ дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд Элчин зөвлөх, Хэргийг хамаарагчаар өдгөө хүртэл ажиллаж байгаа аж. Төрийн албанд 26 жил ажилласнаас 23 жилийг дипломат албанд өнгөрүүлсэн туршлагатай албан хаагч юм.


Монгол Улсаас БНХАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад нэр дэвшүүлээд буй Т.Бадрал нь 1966 онд Улаанбаатар хотод төрсөн. Москва хотын Хилийн цэргийн командын дээд сургууль, МУИС, СЭЗДС-д суралцаж төгссөн. Шинэ Зеландын Массигийн их сургуульд  мэргэжил дээшлүүлсэн. Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй, хошууч генерал цолтой, орос, англи, франц хэлний мэдлэгтэй. Эрдэнэт үйлдвэр, Монгол-Америкийн хамтарсан зэсийн үйлдвэрт гадаад худалдааны менежер, 2004-2005 онд  Гамшгаас хамгаалах ерөнхий газар мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, 2005-2006 онд ОБЕГ-т газрын даргааар ажиллаж байв. 2007-2008 онд ОБЕГ-ын хэлтсийн дарга, 2009-2015 онд дэд дарга, 2015 оноос ОБЕГ-ын даргаар томилогдон ажиллаж байна. Төрийн албанд нийт 32 жил ажиллажээ.

Холбоотой мэдээ