УИХ-ын сонгууль-2020: Нам, эвслүүд ба бие даагчид
ТОЙМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын 8 дахь сонгуульд оролцохоор улс төрийн 15 нам, 4 эвсэл СЕХ-нд хүсэлтээ хүргүүлээд байна. СЕХ баримт материалын бүрдлийг нь шалгаж, хүсэлт хүргүүлсэн бүх нам, эвслийг сонгуульд оролцуулах болсон бөгөөд энэ сарын 30, ирэх сарын 1-нд батламж гардуулахаар товлоод буй юм.
2016 оны УИХ-ын сонгуулиар 76 суудлын үнэмлэхүй олонхыг буюу 65-ыг нь МАН авсан бол АН 9, МАХН 1 суудал авч, бие даагч нэг гишүүн сонгогдсон. Харин ирэх дөрвөн жил Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллагын гишүүнээр ажиллах 76 хүнийг энэ оны зургаадугаар сарын 24-нд сонгоно.
Өнгөрсөн 7 сонгуулиар МАН, АН хоёр ээлжлэн олонх болж байв
Өнгөрсөн 7 сонгуулиар МАН, АН хоёр ээлжлэн олонхын санал авч ирсэн. Сонгууль бүрийн дүнг товчоор хэлбэл, 1992-1996 онд МАХН (өнөөгийн МАН) 70, Монголын ардчилсан нам, Монголын үндэсний дэвшлийн нам, Ногоон намын “Ардчилсан холбоо” эвсэл 4, МСДН 1, бие даан нэр дэвшигч 1 суудал авч байсан.
Харин 1996-2000 онд МҮАН, МСДН, МШАН, НН-ын “Ардчилсан холбоо” эвсэл 50, МАХН 25, МУНН 1, 2000-2004 онд МАХН 72, МҮАН-МШАН-ын “Ардчилсан холбоо” эвсэл 1, ИЗН-НН 1, Эх орон-МАШСН 1, бие даан нэр дэвшигч 1 суудал авсан.
2004-2008 онд МАХН 37, “Эх орон- Ардчилал” эвсэл 35, Бүгд найрамдах нам 1 суудал, 2008-2012 онд МАХН-аас 46, АН-аас 27, ИЗН-аас нэг, Ногоон намаас 1, бие даан нэр дэвшигч 1, 2012-2016 онд Ардчилсан намаас 34, Монгол Ардын Намаас 26, “МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс 11, Иргэний зориг-Ногоон намаас 2, бие даан нэр дэвшсэн 3 хүн сонгогдож байв.
Харин 2016-2020 оны буюу өнөөгийн парламентад МАН-аас 65, АН-аас 9, МАХН-аас 1, бие даагч 1 гишүүн сонгогдсон.
Эдгээр сонгуульд хамгийн ихдээ 12 нам, 3 эвсэл оролцож байв. Харин энэ удаад 15 нам, 4 эвсэл оролцохоор бүртгүүлсэн нь хамгийн өндөр үзүүлэлт байна.
Энэ жил сонгуульд хамгийн олон нам, эвсэл оролцоно
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу нам, эвслүүд энэ сарын 25-наас өмнө СЕХ-нд хүсэлтээ хүргүүлсэн.
Өнөөгийн эрх баригч МАН-ын тухайд мөрийн хөтөлбөртөө газрын тос боловсруулах үйлдвэр, төмөр зам, дэд бүтэц, сургууль, цэцэрлэг барих зэрэг хөгжлийн олон асуудлыг тусгасан гэдгээ тус намын дарга У.Хүрэлсүх СЕХ-нд хүсэлтээ хүргүүлэхдээ онцлов. Мөн тэрбээр өмнө УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны индрээс хууль зөрчсөн, ЖДҮХС-гаас эхлээд иргэдийн боломжийг хомсолсон улстөрчдийг намынхаа өмнөөс нэр дэвшүүлэхгүй гэдгээ илэрхийлээд байгаа. Тиймдээ ч өнгөрсөн сонгуулиар 65 суудал авсан тус нам 3 гишүүнд ёс зүйн хариуцлага тооцож, УИХ-ын гишүүнээс чөлөөлж түдгэлзүүлээд байгаа юм.
Өмнөх сонгуулиар УИХ-д 9 суудал авсан АН-ын 2 гишүүн явцын дунд “өрх тусгаарлаж” ШИНЭН байгуулсан. Улмаар саяхан УИХ-ын гишүүн О.Баасанхүүг өөрийн намдаа элсүүлж 8 гишүүнтэй болоод буй. Ирэх сонгуульд аль нэг улс төрийн хүчинтэй эвсэхгүйгээр бие даан өрсөлдөхөөр хүсэлтээ хүргүүлээд буй тус нам багагүй хөдөлгөөнд ороод байгаа. 2020 он гарч, сонгуулийн уур амьсгал орж эхэлсэн мөчөөс тус нам нэр дэвшигчдээсээ 100 сая төгрөгийн дэнчингийн мөнгө хураах асуудал хөндөгдөөд буй. Улмаар тус намын лидр гэгддэг Э.Бат-Үүл, Б.Дэлгэрмаа, Н.Алтанхуяг нар бие даан нэр дэвшихээ илэрхийлээд байгаа билээ.
Улс төрийн 11 нам, 109 төрийн бус байгууллага, 26 мэргэжлийн холбоо, эрдэмтдийн зөвлөл, нэгдэж “ШИНЭ ЭВСЭЛ” байгуулж мөрийн хөтөлбөрөө боловсруулсан. Уг эвсэл АН-аас “өрх тусгаарласан” Ж.Батзандан, Л.Болд нарын Шударга иргэдийн эвсэл намыг түшиглэсэн бөгөөд Бүгд найрамдах нам, Үнэн ба Зөв нам, Хамуг Монголын хөдөлмөрийн нам, Монголын ардчилсан хөдөлгөөний нам, Эх орон нам, Монгол үндэсний ардчилсан нам болон бусад дэмжигч намаас бүрдэж байна.
ХҮН, СДН, Зүй ёс намын “Зөв хүн электорат” эвсэл байгуулан сонгуульд оролцоно. Уг эвсэл Монгол оронд үүссэн тогтолцооны гажуудлыг засаж, үндэсний язгуур эрх ашиг, түүх, соёл, уламжлал, эв нэгдлйг эрхэмлэн дээдэлж, хүний хөгжил, хууль ёс, шударга ёс, нийгмийн ардчиллыг дээдэлсэн хүмүүнлэг, аз жаргалтай нийгмийг цогцлоох зорилтыг мөрийн хөтөлбөртөө тусгаад буй.
Үүний араас МАХН, ИЗНН, МУНН энэ оны гуравдугаар сарын 21-нд байгуулсан “Та бидний эвсэл” сонгуульд оролцох хүсэлтээ хүргүүлсэн. Тус эвсэл Шинэ Үндсэн хуулийн төслийг боловсруулан ард түмний саналаар хэлэлцүүлж батлах, бүх шатны шүүгч нарыг ард түмнээр сонгуулах, төрийн өмчийн их, дээд сургуулийн сургалтын төлбөр, эмнэлгийн үйлчилгээний зардлыг төрөөс бүрэн хариуцаж, өрх бүрийн орон сууцтай болгох зарчмыг мөрийн хөтөлбөртөө тусгасан байна.
Түүнчлэн Эх Орончдын Нэгдсэн нам, Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч нам, Их Эв нам, Зон Олны нам, Дэлхийн Монголчууд нам, Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвсэл, Ард Түмнээ Хайрлая нам, Хөгжлийн Хөтөлбөр нам, Ард Түмний нам, Монголын Ногоон нам, Эх орон нам, Ардчилал шинэчлэлийн нам, Ард Түмний Олонхын Засаглал нам, Гэр хороолол хөгжлийн нам бие даан оролцоно.
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу нам, эвслүүд ирэх сарын 10-наас өмнө нэр дэвшигчдээ тодруулж, СЕХ болон АТГ-т мэдээллийг нь хүргүүлэх бөгөөд СЕХ 6 дугаар сарын 2-нд үнэмлэх гардуулах юм.
Бие даагчдын тоо гурав дахин өсжээ
Үндэсний аудитын газраас энэ удаагийн сонгуульд бие даан нэр дэвшихээр мөрийн хөтөлбөрөө өгөөд буй 208 хүний нэрийг энэ сарын 27-нд зарлалаа (Нэрсийн жагсаалтыг эндээс үзнэ үү). Нарийн тооцвол 2016 онд УИХ-ын ээлжит сонгуульд 69 хүн бие даан нэр дэвшиж байсан бол энэ удаад гурав дахин өсөөд байгаа. Нэг зүйлийг онцлоход өнгөрсөн 7 сонгуулиар хамгийн ихдээ 3 бие даан нэр дэвшигч л сонгогдож байсан түүхтэй. Тодруулбал, 2012-2016 онд 3 бие даан нэр дэвшигч сонгогдож байсан. Бусад буюу 1992, 1996, 2000, 2008, 2016 оны сонгуулиар тус бүр нэг бие даагч сонгогдож байв. Харин 2004 онд бие даан нэр дэвшигч сонгогдоогүй аж.
Энэ онд бие даан нэр дэвшигчдээс онцолбол, УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзээд буй Н.Номтойбаяр бие даан Дорнод аймагт нэр дэвшихээр болсноо мэдэгдэв. Үүнээс гадна НИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байсан С.Мөнхчулуун энэ удаагийн сонгуульд бие даан нэр дэвшихээр болжээ. Түүний хувьд хотын даргын сунгаанд С.Амарсайхантай өрсөлдөхөөр заалнаас нэр дэвшин, намын бодлого сөрсөн үндэслэлээр хасагдсан.
Мөн бие даан хүч үзэхээр мөрийн хөтөлбөрөө боловсруулж хүргүүлээд буй 208 эрхмийн нэрсийн жагсаалтад Ерөнхий сайд, АН-ын дарга асан Н.Алтанхуяг, АН-ын дэд дарга Банзрагчийн Дэлгэрмаа, Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүлийн нэр багтжээ. Түүнчлэн Ерөнхийлөгчийн Иргэний нийгэм, хүний эрхийн бодлогын зөвлөх Г.Уянга, “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн захирал Тордайн Ганболд, “Уул ус газар шороогоо хамгаалах хатан хаант бодлого” ТББ-ын тэргүүн Лүүрэвийн Өнөрчимэг, “Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүн Г.Ганхуяг нар мөн бие даахаар мөрийн хөтөлбөрөө өгчээ.
Мөн “Утааны эсрэг ээж, аавууд” ТББ-ын үүсгэн байгуулагч, сэтгүүлч Ц.Пүрэвхүү, “Эксклюзив”-ийн Г.Майцэцэг, УИХ-ын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Ц.Цолмон, Калифорниа Беркелигийн их сургуулийн Хуулийн сургуулийн мастер Ж.Эрхэмбаатар нар мөрийн хөтөлбөрөө боловсруулаад байна.
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу Үндэсний аудитын газраас бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр Монгол Улсын Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод нийцсэн эсэхэд дүгнэлт хийх юм. Үүний дараа бие даан нэр дэвшигчид СЕХ-нд хүсэлтээ хүргүүлнэ.
Сонгууль ба “COVID-19”
Дэлхий нийтийг цочроогоод буй коронавирусээр 3.1 сая хүн халдварлаж, 288 мянган хүн нас бараад байна. Хэдийгээр Монгол Улс дотооддоо коронавирус тархахаас сэргийлж байгаа ч гадаадаас ирсэн 38 иргэнээс вирус илрээд байгаа юм. Тиймээс УОК-оос энэ оны хоёрдугаар сарын 12-нд зарласан Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг ирэх сарын 31-нийг дуустал сунгасан. Энэ үед сонгууль зохион байгуулах нь эрсдэлийг улам бүр нэмнэ хэмээн олон хүн үзэж байна.
Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуулах, түүнд зарцуулах хөрөнгийг эдийн засгийг сэргээхэд зориулах ёстой гэсэн санал хэлж байв. УИХ-аас ээлжит сонгуульд 20 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн. Үүнээс гадна улс төрийн нам, эвсэл, бие даан нэр дэвшигч нар сонгуульд 470 тэрбум төгрөг зарцуулах урьдчилсан тооцоолол гарсан талаар Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 28-нд СЕХ-ны удирдлагуудтай уулзах үед судалгааны байгууллагууд танилцуулж байв.
2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд хамгийн олон буюу 800 орчим нэр дэвшигч өрсөлдөнө хэмээн тооцож байна. Энэ талаар холбогдох байгууллагаас хийсэн зардлын судалгаагаар улсын дунджаар нэг нэр дэвшигч сонгуульд 474.4 сая төгрөгийн зардал гаргана гэж үзвэл нийт 379.5 тэрбум төгрөг болох аж. Харин сонгуульд оролцох хүсэлтээ өгөөд буй 19 нам, эвсэл тус бүр хамгийн багадаа таван тэрбум төгрөг зарцуулна гэж үзвэл 95 тэрбум төгрөгийн зардал гарахаар байна.
Ингээд нам, эвсэл, нэр, дэвшигчдээс сонгуульд ойролцоогоор 474 тэрбум төгрөг зарцуулах урьдчилсан тооцоо гарчээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дэлхийг хамарсан цар тахлын улмаас иргэдийн халаас нимгэрч, үйл ажиллагаа нь зогссон аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн байдал улам хүндэрсээр буй энэ үед дээр дурдсан хэмжээний мөнгийг зарцуулан сонгууль явуулах нь зохистой алхам эсэхийг бүх шатандаа бодож үзэх нь чухал байгааг тэмдэглэлээ.
УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуулах эсэх нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Одоогоор УИХ-аас энэ талаар тодорхой шийдвэр гараагүй тул СЕХ хуваарийн дагуу ажиллаж байгаа юм. Түүнчлэн УИХ-ын сонгуулийн үеэр тусгаарлах байранд байгаа иргэдийн саналыг хэрхэн авах асуудлыг УОК судалж эхэлжээ.
Энэ талаар УОК-ын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин энэ сарын 28-нд хэвлэлийн хурал хийхдээ “УИХ-ын ээлжит сонгуулийн санал авах өдөр тусгаарлах байранд Монгол Улсын иргэн байлгахгүй байхаар төлөвлөж байгаа. Тусгаарлах байранд нийслэлээс гадна 21 аймгийн иргэн бий. Өөрөөр хэлбэл, санал өгөх тойрог, нэр дэвшигч бүр нь өөр. Тиймээс нэг саналын хайрцаг оруулаад авах боломжгүй. Авлаа гэхэд ямар хүн оруулж санал авахуулах вэ гэдэг мөн л асуудалтай. Энэ асуудлыг нарийн судалж, шийдвэр гаргана” гэж мэдэгдсэн юм.Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллагын гишүүнээр ажиллах 76 хүнийг энэ оны зургаадугаар сарын 24-нд сонгоно. Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллагын гишүүнээр ажиллах 76 хүнийг энэ оны зургаадугаар сарын 24-нд сонгоно.