Нийт тохиолдлын 40 гаруй хувь нь шинж тэмдэг илрээгүй хүнээс халдварлажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-04-29 12:59:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төвийн мэдээлснээр, “COVID-19”-өөр өвчилсөн хүн ямар нэг шинж тэмдэг илрэхээс хоёр хоногийн өмнө вирусийг бусдад халдаах өндөр эрсдэлтэй бөгөөд нийт тохиолдлын 40 гаруй хувь нь шинж тэмдэг илрээгүй хүнээс халдварлажээ.


ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа ээлжит хэвлэлийн хурлын үеэр дэлхийн улс орнуудын коронавирусний нөхцөл байдлын талаар танилцуулсан юм. 


Дэлхийн хэмжээнд шинэ коронавирусээр 3 сая гаруй хүн халдварласнаас 1 сая гаруй нь АНУ-д бүртгэгджээ. Тус улсад өдөрт дунджаар 20 мянга гаруй халдвар бүртгэгдэж байгаа ч тархалтын хурд саарч байна гэж үзэж байгаа аж. Өчигдрийн байдлаар АНУ-д нийтдээ 58 мянга гаруй хүн коронавирусний халдвараар амиа алдсан байна.

Сингапурт өчигдөр 528 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 14 951 болжээ. Халдварын дийлэнх нь гадаадын цагаач ажилчдын дунд байна.

БНСУ-д 9 шинэ тохиолдол, 2 нас баралт бүртгэгджээ. Шинэ голомтот халдвар үүсэхээс сэргийлж тус улсад хөдөлмөр эрхэлдэг бүртгэлтэй болон бүртгэлгүй иргэдийн гадаадын ажилчдын орон байр, орчны нөхцөл байдал нь халдвар хамгааллын дэглэмд нийцэж буй эсэхийг хянах асуудал сөхөгдөж байна. Тухайлбал, тус улсад ирсэн гэртээ карантинд байх ёстой гадаадын зарим улсын ажилчдад хяналт тавихад оршин суугаа байр нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй байжээ. Түүнчлэн БНСУ-д ЭМД-д хамрагдсан ч гадаадын иргэдийн тэн хагаст нь амны хаалт олгохгүй байгаа талаар мэдээлжээ.

Японд өчигдөр 282 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Үүний 112 нь нийслэл Токио хотод бүртгэгджээ. Тус улсын хувьд шинжилгээний хүчин чадлаа тасралтгүй нэмэгдүүлж байгаа. Үүний үр дүнд энэ сарын 27-ны байдлаар нийт 232 мянга гаруй PCR шинжилгээ хийснээс 13 800 гаруй тохиолдол эерэг гарчээ.

БНХАУ-ын Эрүүл мэндийн үндэсний хорооны мэдээллээр, тус улсад өчигдөр коронавирусний халдварын 22 тохиолдол бүртгэгджээ. Үүнээс 21 нь зөөвөрлөгдсөн байна. Нэг нь дотоодын халдвар буюу Гуандунг аймагт бүртгэгджээ. Түүнчлэн шинж тэмдэггүй 26 тохиолдлыг шинээр бүртгэн, нийтдээ 993 шинж тэмдэггүй тохиолдлыг эмнэлгийн хяналтад ажиглаж байгаа талаар мэдээлжээ. БНХАУ-ын нийт халдварын тохиолдлын тоо 82 858 үүнээс 77 578 хүн эдгэрч, 4 633 хүн эндсэн байна.

Герман улсад өчигдөр халдварын 1 144 шинэ тохиолдол, 163 нас баралт бүртгэгдэж, 117 400 хүн эдгэрчээ. Нас баралтын түвшин 3.8 хувьтай байна. Эмнэл зүйн шинж тэмдгийн хувьд нийт тохиолдлын 50 хувьд нь ханиалгах, 42 хувьд нь халуурах, 21 хувьд нь нус гоожих шинж тэмдэг ажиглагдсан бол нийт тохиолдлын 2.7 хувьд нь уушгины хатгалгаа бүртгэгдсэн талаар тус улсын Роберт Гохийн институтээс мэдээлсэн байна.

 

 

Холбоотой мэдээ