Францад халдварын тархалттай холбогдуулан ямар арга хэмжээ хэрэгжүүлэх вэ?

Дэлхийд | Эдийн Засаг
khulan@montsame.gov.mn
2020-04-29 12:52:50

ПАРИС. /BBC/. Францад ирэх тавдугаар сарын 11-нээс хөл хориог сулруулж эхэлсний дараа нийтийн тээврийн хэрэгсэл, дунд сургуулиудад амны хаалт заавал зүүхийг шаардана гэж тус улсын Ерөнхий сайд Эдуар Филипп мэдэгдлээ.


Францад цэцэрлэг, бага сургуулиас эхлэн сургалтыг аажмаар эхлүүлэх бөгөөд 11-15 насны сурагчдыг амны хаалт зүүхийг шаардах төлөвтэй байна. Мөн халдвар хамгийн их тархсан орнуудын нэг болох Испанид хөл хориог цуцлах төлөвлөгөөг танилцуулаад байгаа юм.


Францад хөл хориог хэрхэн сулруулах вэ?

Тавдугаар сарын 11-нээс онц шаардлагагүй дэлгүүр, захуудыг нээж эхлэх боловч шөнийн цэнгээний газар, зоогийн газрууд хаалттай хэвээр байна. Дэлгүүрүүд амны хаалт зүүхийг үйлчлүүлэгчдээс хүсэх эрхтэй бөгөөд нэг метрийн зайнаас харилцах шаардлагатай.


Мөн францчууд зөвшөөрөл авахгүйгээр гадуур гарч, 10 хүртэлх хүн нэг дор цуглах боломжтой болно. Түүнчлэн яслиуд нээгдэх боловч нэг бүлэгт 10-аас дээш хүүхдийг хамруулж болохгүй байна. Европт халдварын улмаас хамгийн олон хүн нас барсан орнуудад Франц, Их Британи, Итали, Испани орж байгаа юм.


Францад мягмар гаргийн байдлаар 129853 хүн халдвар авч, 23660 хүн нас барсан гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлжээ. Францад эмнэлгээр үйлчлүүлж, эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлэгсдийн тоо сүүлийн өдрүүдэд буурсаар байгаа ажээ.



“Францад хөл хорио тогтоосноор сард 62 мянган хүний амь насыг аварсан боловч эдийн засгийн уналтад орохоос зайлсхийхийн тулд хязгаарлалтуудыг сулруулах цаг боллоо” гэж Э.Филипп парламентад үг хэлэх үеэрээ мэдэгджээ. Мөн тэрбээр, коронавирусний вакцин, эмчилгээ гарах хүртэл бид вирусний тархалтын үед дасан зохицож амьдарч сурах хэрэгтэй боллоо хэмээгээд, Франц улс хамгаалах, оношлох, тусгаарлахыг нэн тэргүүнд тавина гэж хэлжээ.


Хөл хориог бүрмөсөн цуцлах уу?

Халдварын хоёр дахь давлагаа эхлэхээс зайлсхийхийн тулд урьдчилан сэргийлэх хатуу арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх ёстой гэдгийг Э.Филипп онцолжээ. Өдөрт шинээр бүртгэгдэх халдварын тохиолдлын тоо 3000-аас доошлохгүй бол хөл хориог тавдугаар сарын 11-нээс сулруулахгүй гэж тэрбээр нэмж хэлжээ.


Францад сүүлийн хоёр долоо хоногийн турш өдөрт дунджаар 2162 шинэ тохиолдол бүртгэгдсэн юм. Засгийн газар ирэх сарын 11-нээс долоо хоногт наад зах нь 700 мянган шинжилгээ хийх зорилт тавьсан гэж Ерөнхий сайд мэдэгдсэн байна.


“Хэн нэгнээс халдвар илэрсэн тохиолдолд түүнтэй ойр хавьтсан бүх хүнийг шинж тэмдэг илэрсэн эсэхийг нь үл харгалзан шинжилгээнд хамруулж, өөрийгөө тусгаарлахыг шаардана” гэж тэрбээр хэлсэн байна. Мөн гэрээсээ ажиллах боломжтой хүмүүсийг ийм маягаар үргэлжлүүлэн ажиллахыг зөвшөөрөх ажээ.


Хэн амны хаалт зүүх вэ?

Францад амны хаалт хомсдож буй талаар Э.Филипп, тавдугаар сарын 11 гэхэд амны хаалтын нөөцийг хангалттай хэмжээнд хүргэнэ хэмээн хэлжээ. Мөн тэрбээр ажилтнуудаа амны хаалтаар хангахыг бүх компанид уриалаад, Засгийн газар шаардлагатай тохиолдолд жижиг фирмүүдэд тусламж үзүүлнэ гэж мэдэгджээ.



Амны хаалтыг Францын шуудангийн цахим хуудсаар худалдаалахаас гадна эмзэг бүлгийн хүмүүст долоо хоног тутам угааж ашиглах боломжтой, таван сая амны хаалтыг тараах ажээ.


Тавдугаар сарын 11-нээс трамвай, галт тэрэг, метро зэрэг нийтийн тээврийн хэрэгслүүдээр үйлчлүүлж буй бүх хүн амны хаалт зүүх шаардлагатай болно. Германы зарим бүс нутагт үүнтэй ижил шийдвэрийг саяхан гаргасан билээ.


Сурагчид амны хаалт хэрхэн зүүх вэ? Цэцэрлэгийн хүүхдүүдийн хувьд шинж тэмдэг илрээгүй тохиолдолд хичээл дээрээ амны хаалт зүүх шаардлагагүй. Харин дунд сургуулийн сурагчид /11-15 насны/ амны хаалт зүүх шаардлагатай бөгөөд амны хаалт авах боломжгүй хүүхдүүдэд Засгийн газраас тарааж өгнө. “Нэг ангид 15-аас дээш хүүхэд хичээллэж болохгүй” гэж Ерөнхий сайд мэдэгджээ.


Бага сургуулиудын сургалт тавдугаар сарын 11-нээс эхэлнэ. Харин тархалт бага дүүргүүдийн дунд сургуулиудыг 18-наас үйл ажиллагаагаа явуулахыг зөвшөөрөх төлөвтэй байгаа бол ахлах сургуулиудыг сарын эцсээс хичээллэхийг зөвшөөрнө.


Бусад хязгаарлалтыг хэрхэх вэ?

Оршуулгын ёслолд 20-оос доош хүн оролцохыг зөвшөөрнө.

Шашны арга хэмжээнүүдийг зургадугаар сарын 2-нooс өмнө зохион байгуулахыг хориглоно.

Далайн эрэг, цэнгээний газар, кинотеатр, зоогийн газрууд хаалттай хэвээр байна.

Хөл бөмбөгийн лигүүд энэ улиралд тоглолт хийхгүй. 

Холбоотой мэдээ