УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-04-28 18:10:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж дэмжив.


Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ж.Батзандан, С.Бямбацогт, Х.Нямбаатар, Д.Оюунхорол, Б.Саранчимэг, Я.Санжмятав, Я.Содбаатар, Д.Тогтохсүрэн нар санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн юм. УИХ 2007 онд уг хуулийг баталснаас хойш 26 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжжээ.


Парламентат ёс хөгжсөн улс оронд парламентын анхдугаар хуралдаанаар парламентаа өөрөө зохион байгуулдаг нийтлэг зохицуулалттай байдаг. Иймээс хуулийн төслөөр Улсын Их Хурлын анхдугаар чуулганыг зохион байгуулах, Ерөнхий сайдыг томилох, Засгийн газрын гишүүнийг томилох тухай Ерөнхий сайдын танилцуулгыг сонсох, Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөхтэй холбоотой харилцааг шинээр тусгажээ.  Мөн хуулийн төслийг хэлэлцэх эсэх, анхны хэлэлцүүлэг, эцсийн хэлэлцүүлэг, хуулийн төслийг эцэслэн батлах гэсэн 4 үе шаттайгаар хэлэлцэн батлах, нэгдсэн хуралдаан тухайн төслийн талаар олон нийтээс санал авахаар шийдвэрлэсэн бол холбогдох Байнгын хороо уг ажлыг анхны хэлэлцүүлэг явуулахаас өмнө санал авах ажлыг зохион байгуулах, холбогдох Байнгын хороо хэлэлцүүлгийн явцад төслийн талаар Тамгын газраар эрх зүйн дүн шинжилгээ хийлгэн дүгнэлт гаргуулах, Байнгын хороо анхны хэлэлцүүлгийг төслийн зүйл бүрээр хэлэлцэхээр тусгасныг онцлов.


Харин Байнгын хороо төслийн эцсийн хэлэлцүүлгийн санал хураалтын дүнд үндэслэн эцэслэн батлуулах төслийн хувилбарыг бэлтгэж нэгдсэн хуралдаанд оруулна. Нэгдсэн хуралдаанд хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулах бөгөөд УИХ-ын нийт гишүүний олонх дэмжсэн бол хууль эцэслэн батлагдсанд тооцохоор зохицуулжээ. Түүнчлэн төсөлд хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг болон улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө зэрэг асуудлыг хэлэлцэх журмуудад зохих өөрчлөлтүүд оруулсан байна. Үүний зэрэгцээ албан тушаалтны бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх, томилох, чөлөөлөх, огцруулах, эгүүлэн татах асуудлыг хэлэлцэх, Ерөнхий сайдын мэдээлэл, гишүүний асуулга, асуултын хариуг сонсох, Засгийн газар, холбогдох байгууллагын тайлан, мэдээлэл, илтгэлийг сонсох, хэлэлцэх журмуудад зохих өөрчлөлтүүд оруулахаар төсөлд тусгажээ.


Хуулийн төслийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, чуулганд танилцуулахаар тогтов. Уг хуулийн төслийг энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөөд буй юм.

Холбоотой мэдээ