УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын анхны хэлэлцүүлгийг хийв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын 10 гишүүний боловсруулсан уг төсөл нь өнгөрсөн оны 11 дүгээр сард баталсан Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд УИХ-ын тухай хуулийг нийцүүлэх зорилготой. Энэ хүрээнд хуулийн төсөлд УИХ-ын зорилт, чиг үүрэг, бие даасан байдлыг хангах, УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах, УИХ-ын бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болох зохицуулалтыг тусгасан. Мөн УИХ-ын даргыг сонгох, чөлөөлөх, УИХ-аар асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх, хуулийг эцэслэн батлах, санал хураалт явуулах зарчмыг шинэчлэх, Хянан шалгах түр хорооны үйл ажиллагаа,Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газрын хууль санаачлах эрхийн хүрээ, хязгаарыг тодорхойлжээ.
Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын багаас зарчмын зөрүүтэй 14, найруулгын гурван санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүүдийн олонх дэмжиж, чуулганд танилцуулахаар тогтлоо. Мөн Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Дээрх хоёр хуулийн төслийг энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөөд буй юм.