ЖДҮ зээлийн төслийг хүлээн авч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-04-28 12:10:53

Баянхонгор /МОНЦАМЭ/. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2020 онд олгох хөнгөлөлттэй зээлийн төслийг хүлээн авч эхэлжээ.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ын хүрээнд жижиг, дунд бизнес эрхлэгчдийг шинэ хуулийн дагуу ангилж, ангилал тус бүрт зээлийн багцыг хуваарилан олгох юм байна. Орон нутгаас шалгарсан бичил ангилалд хамаарах аж ахуйн нэгжүүдийн зээлийг банкаар дамжуулахгүй Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас шууд санхүүжүүлэхээр, олгох зээлийн хэмжээг төсөл ирүүлэгчийн борлуулалтын орлоготой уялдуулснаараа онцлог байх аж.

Тиймээс сангийн хөнгөлөлттэй зээлд хамрагдахыг хүссэн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай” хуулинд заасны дагуу аль ангилалд хамаарч байгаа тухай тодорхойлуулах шаардлагатай юм байна. Тодорхойлолтыг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас авах бөгөөд төслийн материалыг тавдугаар сарын 19-ний өдрийн 17:30 цаг хүртэл хүлээн авч, цахим бүртгэлийн систем автоматаар хаагдах гэнэ.

Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын 201 тоот өрөөнд төслийн материалыг битүүмжлэн цаасан хэлбэрээр хүлээн авах бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 70442478 дугаарын утсаар лавлах боломжтой.

Холбоотой мэдээ